Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

ХОМ: Цар тахлын жилд хөрөнгө, орлого нь өссөн УИХ-ын гишүүд

A.Жаргал
2021 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгосон талаар өмнө нь мэдээлсэн.

Энэ удаа өөрийн болон гэр бүлийн орлого, хадгаламж зэрэг хөрөнгө орлого нь 2019 онтой харьцуулахад 2020 онд хамгийн их өссөн УИХ-ын гишүүдийн талаар хүргэж байна.

Өөрийн орлого нь тэрбум төгрөгөөр давж өссөн дөрвөн гишүүн байгаа бол гэр бүлийн орлого нь хагас тэрбум төгрөг буюу 500 сая төгрөгөөс илүү нэмэгдсэн гурван гишүүн байгааг доорх хүснэгтүүдээс харна уу.

Өөрийн орлого хамгийн их өссөн гишүүн Б.Чойжилсүрэн байна. Түүний орлого өнгөрсөн онд 4.9 тэрбум төгрөгөөр өсөж, 5.02 тэрбум төгрөг болсон бол Шадар сайд С.Амарсайханы орлого 1.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 1.8 тэрбум төгрөг болжээ.
Нэр Орлого(мян.төг)
Б.Чойжилсүрэн +4,999,073.91
Л.Энх-Амгалан +3,201,877.50
Б.Дэлгэрсайхан +2,537,605.61
С.Амарсайхан +1,734,353.13
Н.Учрал +738,376.77
Д.Цогтбаатар +395,099.05
Г.Мөнхцэцэг +389,308.31
Г.Занданшатар +382,153.85
Ж.Батжаргал +338,756.84
Э.Бат-Амгалан +334,430.14
Нэр Гэр бүл орлого(мян.төг)
Ц.Мөнх-Оргил +4,875,818.63
Д.Сарангэрэл +925,949.49
С.Бямбацогт +715,775.37
Л.Энх-Амгалан +281,100.00
Б.Энх-Амгалан +73,047.09
Б.Чойжилсүрэн +59,487.65
Л.Мөнхбаатар +58,713.66
Б.Жавхлан +58,600.00
Ж.Батсуурь +55,000.00
Х.Нямбаатар +48,323.37

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын гэр бүлийн орлого 2020 онд 4.8 тэрбум төгрөгөөр өсөж 4.9 тэрбум төгрөг болсон бол Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн гэр бүлийн орлого 926 сая төгрөгөөр нэмэгдэж, 1.3 тэрбум төгрөгт хүрчээ.

Ц.Мөнх-Оргил нь "Өлзийт Төв" ХХК, "М-Си-Эс Монголиа", "Тандер Болт" гэсэн гурван компанид хувь эзэмшдэг бол Д.Сарангэрэл "Стимо", "Концепт сити", "Гэгээн секюритиз", "Гэгээн далай", "Брават Монголиа", "Гэгээн Концепт" гэсэн зургаан компанид хувь эзэмшилтэй болохоо мэдүүлжээ.  

Д.Сарангэрэл гишүүний тухайд 2020 онд өөрийн орлого нь өмнөх жилээсээ 4.3 сая төгрөгөөр өссөн бол хадгаламж нь 5.6 сая төгрөгөөр өсөж, 495 сая төгрөг болсон өөрчлөлттэй байна.  

Хадгаламжийн дүн нь өссөн болон мал сүргийн тоо нь тус тус өссөн эхний 10 гишүүнийг доорх хүснэгтэд үзүүлэв.

Нэр Хадгаламж(мян.төг)
Ц.Мөнх-Оргил +474,412.24
Н.Учрал +201,908.27
Г.Тэмүүлэн +199,789.70
Э.Бат-Амгалан +158,438.17
Б.Чойжилсүрэн +131,692.57
Ж.Батсуурь +123,000.00
Ж.Бат-Эрдэнэ +120,760.46
Г.Занданшатар +81,334.98
Ц.Даваасүрэн +75,520.45
С.Бямбацогт +74,062.03
Нэр Мал А.Ахуй(мян.төг)
Т.Аюурсайхан +255,000.00
Г.Тэмүүлэн +93,000.00
Ж.Бат-Эрдэнэ +60,207.06
Л.Мөнхбаатар +48,000.00
Б.Жавхлан +35,750.00
Ц.Даваасүрэн +33,900.00
Т.Энхтүвшин +25,000.00
Л.Оюун-Эрдэнэ +14,430.00
Д.Батлут +12,380.00
Ё.Баатарбилэг +10,000.00

Хөрөнгө, орлогын мэдүүлгээс харахад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хадгаламж хамгийн өндөрт тооцогдож буй. Тэрбээр 2020 оны байдлаар 8.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай байгаа ба энэ нь 2019 оныхоос 16 сая төгрөгөөр буурсан байна. Харин Ц.Мөнх-Оргил гишүүний хадгаламж нь 474 сая төгрөгөөр өсөж, 6.5 тэрбум төгрөг болсон нь хамгийн их өссөн дүнд тооцогдож байна. 

Хадгаламжийн дүн нь хамгийн ихээр өссөн 10 гишүүний тоонд УИХ-ын дарга Г.Занданшатар багтжээ. Түүний хадгаламж 2019 онтой харьцуулахад 2020 онд 81.3 сая төгрөгөөр нэмэгдэж, 188 сая төгрөг болжээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы мал сүргийн үнэлгээ өнгөрсөн онд 255 сая төгрөгөөр өсөж, 452 төгрөгийн үнэ бүхий мал сүрэгтэй болжээ. Тэрбээр 2016 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд анхны парламентынх нь 4 жилийн хугацаанд өөрийн орлого нь 11 дахин өссөн байдаг. Тодруулбал, Т.Аюурсайханы өөрийн орлого 2015 онд 14 сая төгрөгөөс 2019 онд 147 сая болж өссөн бол 2020 онд 165.6 сая төгрөг болжээ.

Мал сүргийнх нь үнэлгээ хамгийн их өссөн 10 хүний дунд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багтсан байна. Түүний эзэмшдэг малын үнэлгээ 2020 онд 14.4 сая төгрөгөөр нэмэгдэж, 114.9 саяын үнэлгээтэй болжээ.

УИХ-ын гишүүдийн 2020 оны хөрөнгө, орлогыг доорх инфографикаас дэлгэрэнгүй харна уу. (Сум дээр дарж хөрөнгийн төрлүүдийг харах боломжтой)

Инфографик.

Цар тахлын улмаас 2020 Монгол Улсын эдийн засаг сүүлийн 27 жилийн түүхэнд анх удаа 5.3 хувиар агшсан. Удаан хугацааны хөл хорио, хилийн хориг зэрэгтэй холбоотойгоор 27,000 аж ахуйн нэгж орлогогүй болж, 98,000 аж ахуйн нэгж Х тайлан ирүүлсэн гэсэн статистик гарсан билээ.