Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: 2021 оны 2-6 дугаар сарын хооронд эерэг нь тогтоогдсон шинжлэгдэхүүнээс альфа хувилбар түлхүү, бета болон гама хувилбар маш бага илэрчээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад тархаж буй SARS-Cov-2-ын вирусийн судалгааны талаар АШУҮИС-ийн бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхимийн эрхлэгч Ч.Баттогтох мэдээлэл өглөө. 

Тэрбээр "SARS-Cov-2-ын талаар манай орны судлаачид олон хэлбэрээр судалгаа хийж байна. Сүүлийн үед эрдэмтдийн хамгийн их анхаарал хандуулж буй асуудал нь энэ вирусийн шинэ хувилбарууд юм.

Шинэ коронавирус анх хүн төрөлхтөнд халдварлаж эхэлсэн цагаасаа хойш янз бүрийн хувилбарууд бүртгэгдэж байна. Нэг орсон вирус эсийн дотор ороод олон болж үрждэг. Энэ вирусийн хувьд өсөж үржих явцад удмын мэдээлэл хуулбарладаг. Вакцины үр дүнг бууруулж нөлөөлөх тохиолдол зарим хувилбарт ажиглагдаж байна.

Дэлхий нийтэд дөрвөн төрлийн хувилбарыг анхаарал татсан гэж авч үзэж байна. Эхнийх нь 2020 оны есдүгээр сард Англи улсад бүртгэгдсэн альфа хувилбар. Үүний дараа Өмнөд Африк, Бразил, Энэтхэг улсад бүртгэгдсэн шинэ хувилбарыг түлхүү анхаарч байгаа.

Манай улсын хувьд 2020 оны арваннэгдүгээр сард дотоодын тохиолдол бүртгэгдсэнээс хойш янз бүрийн судалгааны ажил хийгдэж байна. Үүний нэг нь Монгол оронд голомтлон тархаж буй SARS-Cov-2-ын судалгааны ажлыг АШУҮИС-ийн зүгээс ХӨСҮТЗоонозын өвчин судлалын үндэсний төв, НЭМҮТ зэрэг байгууллагатай хамтран хийж байна. 

Хүн амын дунд ямар халдвар голлон тархаж буйг илрүүлэх судалгааны ажлын эхний үр дүн гарлаа. 2021 оны хоёрдугаар сараас зургаадугаар сар хүртэлх хугацаанд Улаанбаатар хот болон орон нутгийн лабораториудад эерэг болох нь тогтоогдсон шинжлэгдэхүүнээс халдварлах чадамжийг 70 орчим хувиар нэмэгдүүлдэг, дэлхийн олон оронд бүртгэгдсэн альфа хувилбар түлхүү илэрлээ. 

Энэхүү хувилбарын Монгол Улсад бүртгэгдэж эхэлсэн хугацаа нь одоогоор мэдэгдэж байгаагаар 2021 оны хоёрдугаар сар бөгөөд хүн амын дунд оргилд байгаа SARS-Cov-2 вирусийн 80 хувь орчим буюу зонхилох хувийг альфа хувилбар эзэлж байна. 

Бета, гама хувилбарын хувьд нийт шинжилсэн сорьцын маш бага буюу 1 хувь орчимд илэрч байгаа бол дельта хувилбар одоогоор шинжилгээнд хамруулсан сорьцод илэрсэнгүй" гэв. 

ВИДЕО:

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/825704801417229