Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Оросууд оролцсон байж болзошгүй кибер халдлагыг мөрдөн шалгах тушаалыг Жо Байден тагнуулын байгууллагууддаа өгөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт АНУ-ын зуу зуун бизнес эрхлэгчдийн компьютерийн систем хакеруудын барьцаанд орсон байна.

Уг халдлагыг мөрдөн шалгаж, буруутай этгээдийг олж тогтоох тушаалыг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тагнуулын байгууллагууддаа өгчээ.

Хакерууд Майами хотод төвтэй Kaseya менежмэнтийн программ хөгжүүлэгчийн бүтээгдэхүүнээр дамжин 200 орчим жижиг, дунд бизнес эрхлэгчийн мэдээллийн санг гартаа оруулж, барьцаалсан байна.

Мэдээллийн аюулгүй байдлын Huntress компанийн урьдчилсан дүгнэлтээр уг халдлагыг Оросын REvil хакерын бүлэг зохион байгуулсан байж болзошгүй гэнэ. Энэхүү бүлэг нь өнгөрсөн сард дэлхийн хамгийн том мах үйлдвэрлэгч JBS компанийн АНУ, Канад, Австрали дахь үйлдвэрүүдийг барьцаалж байсан юм.

Бямба гарагт Мичиган мужийн вакцинжуулалтын үйл явцтай танилцаж байсан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Халдлагын цаана хэн байгааг тодорхой болгоогүй байна. Оростой холбоотой байж болзошгүй гэсэн эхний дүгнэлт гарсан ч эцэслэн батлаагүй байна” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.

Хэрвээ уг халдлагыг Оросууд үйлдсэн нь тогтоогдвол зохих хариу арга хэмжээ авахаа тэр амласан байна.

Зургаадугаар сарын 16-ны өдөр Женев хотод уулзахдаа Байден кибер гэмт хэрэгтэй тэмцэхийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд уриалж байв.

Сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байгаа “ransomware” төрлийн кибер халдлага нь аль нэг байгууллагын мэдээллийн сан, компьютерийн системийг барьцаалаад мөнгө нэхэх арга хэрэглэдэг юм. Дээр дурдсан JBS компани үйлдвэрүүдээ барьцаанаас чөлөөлөхийн тулд хакеруудад $11 саяыг төлсөн байна.

 

Эх сурвалж: Reuters