Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: Япон руу илгээсэн 50 сорьцоос манай улсад зөөвөрлөгдөж ирсэн таван сорьцод дельта хувилбар илэрсэн

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Манай улсад коронавирусийн дельта хувилбар тархсан эсэх талаар УОК-оос мэдээлэл өглөө.

УОК-ийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Олон нийтийн хэрэгслээр манай улсад коронавирусийн дельта хувилбар ороод ирсэн гэх мэдээлэл тархсан.

Албан ёсоор хэлэхэд, өнөөдрийн судалгаа шинжилгээний үр дүнд манай улсад бүртгэгдсэн нийт халдварын 80-95 хувь нь альфа хувилбар байгаа бол үлдсэн 5-10 хувьд нь бусад хувилбар байна гэсэн үг.

Энэ хувилбарт нь дельта хувилбар байна гэж эцэслэж шийдэгдээгүй байгаа” гэв.

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Дэлхий нийтэд коронавирусийн дельта хувилбар буюу уг өвчний гурав дахь давлагаа эхэлж байна.

Манай улсад хэд хэдэн судалгааны ажил хийгдэж байгаа.

Бид Япон улс руу 50 сорьцыг илгээхэд манай улсад гаднаас зөөвөрлөгдсөн таван сорьцод коронавирусийн дельта хувилбар илэрсэн.

Үүнийг бид тусгаарласан тул одоогоор манай улсад дельта хувилбар тархсан гэх үндэслэл байхгүй” гэв.

"Дельта буюу коронавирусийн Энэтхэг хувилбар вакцины нөлөөг сулруулдаг гэх судалгаа бий"

Үргэлжлүүлэн тэрбээр "Манай эрдэмтдийн судалгаагаар халдварын 88-90 хувьд нь коронавирусийн мутацлагдсан альфа хувилбарын тархалт байгааг тогтоосон.

Тодруулбал, өнгөрсөн сард 500 сорьцод хийсэн судалгаагаар 90 хувь нь коронавирусийн альфа хувилбар байсан юм. Энэ нь манай улсад мутацын энэ төрөл илүү тархсаныг илэрхийлж байна.

ДЭМБ-аас тухайн орны нэрийг зарлахгүйгээр альфа, дельта хувилбар гэж нэрлэсэн.

Гэхдээ үүнийг тодруулж ялгааг нь хэлбэл, коронавирусийн альфа хувилбар нь Их Британид тархсан хувилбар бол дельта нь Энэтхэгт тархсан хувилбар гэж ойлгож болно.

Мутацлагдсан хувилбарын эмчилгээний хувьд өөр зүйл байхгүй. Хамгийн гол нь эмнэл зүйн шинж тэмдэг нь богино хугацаанд хүндрэх хоруу чанартай бөгөөд вакцины идэвхийг сулруулах сөрөг талтай.

Коронавирусийн альфа хувилбар нь Уханьд тархсан үеэс дөрөв дахин эрчимтэй тархах магадлалтай ч вакцинд их нөлөөлөхгүй.

Харин дельта хувилбар нь альфагаас 55 хувиар илүү тархалтын эрчмийг нэмэгдүүлэхээс гадна маш богино хугацаанд хүндрэх магадлалтай.

Вакцины нөлөөг тодорхой нөлөөг буруулж байгаа гэх судалгааны үр дүн гарсан.

Дельта вирус одоогоор 92 улсад тархаад байна. Ялангуяа ОХУ-д 90 хувь нь дельта вирус тодорхойлогдож байна. Тиймээс манай улс энэ тал дээр арга хэмжээ авч, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг ярьж шийдвэрлэсэн" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/336006111300827