Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Туркменистаны нийслэл гадаадын иргэд амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотоор шалгарчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Гадаадын иргэд амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотоор Туркменистаны нийслэл Ашгабат шалгарчээ. “Mercer 2021 Cost of Living City Ranking” шалгаруулалтад дэлхийн улс орнуудын 209 хотыг үнэлэхэд ийнхүү тэргүүлсэн байна.

Хотуудыг үнэлэхдээ орон сууц, хүнс, тээвэр, амралт, зугаа цэнгээний зэрэг зардлуудыг тооцоолжээ.

Өнгөрсөн онд Хонг Конг тэргүүлж, Ашгабат дэд байранд орсон бол энэ удаа байр нь солигдсон байна.

Гэхдээ Ашгабат хотын тэргүүлсэн шалтгаан нь Хонг Конгийнхоос өөр. Туркменистан улсын эдийн засгийн байдал хүндэрч, инфляц хэт өндөр байгаагаас ийнхүү зардал нь өссөн байна.

Тухайлбал Ашгабат хотод нэг литр сүүг Нью Йорк хотод авснаас бараг дөрөв дахин өндөр үнээр авдаг болжээ.

Ашгабатад стандарт интернэт үйлчилгээний сарын хураамж $186 орчим байдаг бол АНУ-ын дундаж $40 байна.

Хэдийгээр байгалийн хийн нөөцөөр дэлхийд дөрөвт эрэмбэлэгддэг ч Туркменистан улсын эдийн засаг түүхий эдийн үнэ ханшийн уналттай холбоотойгоор 2014 оноос эхлэн муудаж эхэлсэн юм.

Гэхдээ тус улсын ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын тансаглал дуусаагүй байна. Цагаан өнгөнд дуртай тэрбээр Ашгабатын 500 гаруй барилгыг цагаан гантиг чулуугаар бүрүүлсэн байдаг.

Өнгөрсөн онд Бердымухамедов нутгийн үүлдрийн нохойнд зориулж 6 метр өндөр алтадсан хөшөө босгуулж байв.

Энэ жилийн жагсаалтын гуравдугаарт Ливаны нийслэл Бейрут хот орсон нь мөн л эдийн засгийн уналттай холбоотой байжээ.

Тус хот өнгөрсөн оны жагсаалтын 45 дугаарт байсан бол энэ жил огцом үсрэлт хийсэн байна.

Ашгабат, Бейрут хотуудтай хамт жагсаалтын хоёрдугаарт Хонг Конг, дөрөвдүгээрт Токио, тавдугаарт Цюрих, зургаадугаарт Шанхай хотууд орсон нь гайхах зүйл биш юм.

АНУ-ын хамгийн өндөр өртөгтэй хот болох Нью Йорк дэлхийд 14 дүгээрт жагсаж, өнгөрсөн оны наймдугаар байрнаасаа ухарчээ. Америкийн хотуудаас Лос Анжелес 20 дугаарт, Сан Франциско 25 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

Харин гадаадынхан амьдрахад хамгийн өртөг багатай хотуудаар Гүржийн нийслэл Тбилиси, Замбийн нийслэл Лусака, Киргизийн нийслэл Бишкек шалгарчээ.

 

Эх сурвалж: Business Insider