Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн: Валютын албан нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн. Ойрын болон дунд хугацаандаа савлагаа үүсэхгүй

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо өчигдөр хуралдаж, бодлогын хүүг хэвээр буюу 6%-д үлдээсэн тухайгаа мэдээлсэн.

Тус мэдээллийн үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цаг үеийн асуудлаарх сэтгүүлчдийн асуултад хариулт өгснийг хүргэж байна. 

-Монголбанкны зүгээс инфляцын өсөлтийг бүрэн хянаж чадаж байгаа юу?

- Инфляцын дарамт байгааг өнөөдрийн тоо харуулж байна. Гэхдээ цөөхөн нэр төрлийн бараа эзэлж байгаа ба эдгээр барааны үнэ цаашид өсөхгүй байвал нийлүүлэлтийн шинжтэй нөлөө орох нь багасна. Инфляц зөвхөн Монгол Улсад бий болж буй зүйл биш. Олон улсын агентлагууд хэлэхдээ энэ нь түр зуурын үзэгдэл учраас бодлогын шийдвэрээ өөрчлөхгүй гэсэн байр суурьтай байгаа.

- Ханшийн дарамтыг хэрхэн харж байгаа вэ?

- Энэ оны хувьд манай улсын төлбөрийн тэнцэл 500 орчим сая ам.долларын ашигтай гарахаар байна. Валютын албан нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээ. Ойрын болон дунд хугацаандаа ханш дээр савлагаа үүсэхгүй байх.

-Төв банкны үнэт цаасны хэмжээ өсөж байна гэсэн. Төв банкны үнэт цаасанд 6 хувийн хүүгээр мөнгөө байршуулж байгаа нь зөв үү?     

-  Төв банканд 10.2 их наяд төгрөгийн үнэт цаас төвлөрөөд байна. Энэ нь хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгө бөгөөд банк энэ мөнгөө хаана, яаж, юуг санхүүжүүлэхээ өөрсдөө шийддэг. Төв банкны энэ оны бодлого бол илүү их зээл гаргах. Ялангуяа 2021 оны зээлийн өсөлтийг 15-18%-д хүргэх зорилготой.

- Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд хэдэн зээлдэгчдэд хэдэн төгрөгийн зээл олгоод байгаа вэ?

-  Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалъя уриатай 10 их наядын хөтөлбөр хэрэгжээд гурван сар болж байна. 3%-ийн хүүтэй зээлийн тухайд өнөөдрийн байдлаар 1.1 их наяд 433 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. 19,313 зээлдэгч байгаагаас 3,897 нь ААН, 15,400 нь иргэн юм. Энэ зээл бол бүх хүнд хүртээхээр олгож буй  зээл биш зорилтот бүлэгт олгох зээл гэдгийг Сангийн сайд саяхан хэлсэн. 

- Ипотекийн зээл хэвийн олгогдож байгаа юу?

-  Ипотекийн зээл олгогдож байгаа. 414 тэрбум төгрөгийн зээлийг оны эхнээс хойш олгосон байна.