Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Онцгой байдлын алба хаагчдад 30 сарын үндсэн цалинтай тэнцэхүйц мөнгөн урамшуулал таван жил тутамд олгох хуулийг дэмжсэнгүй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн 70.8 хувь нь дэмжсэнгүй.

УИХ-ын гишүүн С.Чинзориг хуулийн төслийг танилцуулав.

Тэрбээр "Сүүлийн 10 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллага 12.6 мянган хүний амь насыг аварч, улсын болон иргэдийн 237.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан дүн мэдээтэй байна. 

Гамшгаас хамгаалах хуулиар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад, онцгой албаны, цэргийн цолны, төрийн тусгай алба хаасан зэрэг нэмэгдлийг олгож байгаа хэдий ч өнөөгийн нийгэм, амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай. 

Орон нутагт ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдад тасралтгүй ажилласны урамшуулал олгох хуулийн зохицуулалт байхгүйгээс алба хаагчдын эрх зүйн байдал дордож, нийгмийн баталгаа хангагдахгүй байна.

Аймгийн төвөөс бусад сумдад тасралтгүй ажиллаж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад 30 сарын үндсэн цалинтай тэнцэхүйц мөнгөн урамшуулалыг таван жил тутамд олгож байхаар хуулийн төсөлд тусгасан. Одоогийн байдлаар 45 суманд 749 Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна" гэлээ.