Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Абу Дабид Монгол Улсын ЭСЯ нээгдэх гэж буйд баяртай байгаагаа илэрхийлэн Дубай ЭКСПО-д төлөөлөгч оролцуулахыг хүсэв

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 21
iKon.MN
ГХЯ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайд Абдулла Аль-Тинижи-г хүсэлтээр нь өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сайд Б.Батцэцэг Монгол, Арабын Нэгдсэн Эмират Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, 2021 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд Монгол Улс Абу Даби хотноо ЭСЯ-аа нээхээр ажиллаж байгааг дурдав.

Мөн манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, саяхан АНЭУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдсонд баяр хүргэлээ.

Элчин сайд Абдулла Аль-Тинижи Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн сайд Эрхэм дээд Шейх Абдулла Бин Заид Аль Нахъян-аас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт ирүүлсэн захидлыг гардуулж, Абу Даби хотноо Монгол Улсын ЭСЯ удахгүй нээгдэх гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэн Дубай ЭКСПО-д өндөр түвшинд төлөөлөгч оролцуулахыг хүсэв.