Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Эрдэнэдалай: Наадмын дараа Монголд бизнес, эдийн засгийн “BOOM” болно

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2021 оны 6 сарын 11
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

Өнгөрсөн өдрүүдэд болсон сонгуулийн үр дүнгийн талаар шинжээч Ч.Эрдэнэдалайтай багагүй хугацаанд ярилцлаа. Түүнийг сонгуулийн талаар прогноз хийсэн гэдгээр нь ард иргэд цахим орчинд шуугиж байгаа билээ.

-Сонгуулийн үеэр та У.Хүрэлсүхийг 50-аас илүү хувийн саналтайгаар ялна гэж прогноз хийсэн. Таны прогноз ч байгаа онож, У.Хүрэлсүх 68 хувийн саналтайгаар сонгуульд ялалт байгуулсанд тань баяр хүргэе.

-Баярлалаа. Шинжээчийн нэр хүндээ хамгаалсандаа баяртай байна.

-Д.Энхбатын хувьд залуучуудын дэмжлэгийг ихээхэн авч чадлаа. Гэвч ялагдсан. Юун түрүүнд ялагдагч талыг дүгнэх үү?

-Энэ сонгуульд ХҮН нам санасныг бодвол маш сайн оролцлоо. Залууст итгэл үнэмшил өгч, тэднийг байлдан дагуулж чадсан. Залуучууд өөрчлөлт, шинэчлэлийг хүсэж байгаагийн илрэл нь Д.Энхбатын төлөө өгсөн 246 мянган санал юм. Саналаа өгсөн иргэдийн 20 хувь нь өөрчлөлт хүсэж байна. Тэдний саналыг хүндэтгэх хэрэгтэй. ХҮН нам одоо энэ амжилтаа бататгаад Д.Энхбатыг Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдүүлэх хэрэгтэй. Чаддаг юм бол ХҮН намаасаа УИХ-д ядаж хоёр гишүүнтэй бол. Тэр хүнд 246 мянган иргэн, үүний дотор сэтгүүлч Г.Тэмүүлэн та итгэл үзүүлсэн учир тэр хүн иргэдийн итгэл найдварыг орхиж болохгүй.

-Энэ жил түүхэн дэх хамгийн бага ирцтэй сонгууль болж өнгөрсөн. Яагаад сонгогчдын идэвх жилээс жилд буурч байна вэ?

2017 онд сонгуулийн ирц 68 хувь байсан бол энэ жил 59 хувь байна. Сонгогчдын итгэл жилээс жилд буурч байгаа нь зөвхөн Монголд ч биш, дэлхий даяар өрнөж байгаа асуудал. Учир нь хүмүүс эрх баригч тогтолцоо (establishment)-нд жил ирэх бүр дургүй болоод байна. Жишээ нь АНУ-д Д.Трамп, Францад Э.Макрон, Монголд Х.Баттулга. Тиймдээ ч энэ удаагийн сонгуульд хүмүүс идэвх багатай оролцлоо. Бас шударга шулуухан хэлэхэд, зарим залуус хэтэрхий залхуу, улс орныхоо төлөө хуруугаа ч хөдөлгөхийг хүсэхгүй байгаа нь харамсалтай. Тэд иргэний үүргээ ухамсарлахгүй, байр сууриа илэрхийлэхийг хүсэхгүй байна. Тэгснээ над руу сошиалаар мянган хараал бичдэг. Тэдний тал нь саналаа өгсөн гэдэгт би эргэлзэж байна. Мөн бас мэдээж оршин суугаа хаягийн зөрчилтэй гэх мэт ойлгож болох шалтгаан бий. Үүнийг ойлгож байна. Гэхдээ санал өгөөгүй үлдсэн 41 хувь нөгөө 59 хувьдаа улс орны хувь заяаг шийдэх эрхийг олгосныг би ойлгохгүй байна.

-Өрсөлдөгч гурван эрхмийг хооронд нь харьцуулаад товчхон дүгнээч.

У.Хүрэлсүх 68 хувийн саналтайгаар ялсан нь маш өндөр үзүүлэлт. Тэрээр бүх монголчуудад хэдийн танигдсан. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэгчээр У.Хүрэлсүхийг ямар хүн бэ гэдгийг монголчууд мэднэ. Харин С.Эрдэнийг би сайн ойлгодоггүй. Намынхаа учрыг олоогүй байж яаж улс орны учрыг олох вэ дээ. Харин Д.Энхбат бол залуусыг байлдан дагуулж чадсан. Залуус шинэ зүйлд дуртай учраас түүнийг сэтгэлээсээ хүлээж авч, үнэн сэтгэлээсээ дэмжиж, түүний нэрийг фэйсбүүкийн профайл зурган дээрээ “зоосон”. Харин ихэнх сонгогчид түүнийг хүлээж аваагүй. Учир нь ард түмэнд анхнаасаа танил хүн, төрийн халамж болоод тогтвортой байдал гэх мэт олон хүчин зүйл таалагдаж байна.

-МАН-ыг ажиглаад байхад залуучууд руу чиглэсэн маркетинг дутмаг юм шиг надад ажиглагдсан. Дийлэнх залуус, инфлюенсерууд Д.Энхбатыг дэмжлээ шүү дээ.  

Тантай санал нэг байна. МАН-ынхан залуу үетэй “connection” (холболт) үүсгэж чадсангүй ээ. Ихэнхдээ хөдөө орон нутгийн иргэд рүү эсвэл өндөр настнууд руу чиглэсэн маркетинг хийсэн юм шиг санагдсан. Залуучуудыг дагуулж чадсан бол залуус фэйсбүүкийн зургаа У.Хүрэлсүхийн улаан “фрэйм”-ээр оруулах байсан шүү дээ. Надад лав Д.Энхбатын нэртэй профайл зургууд л  харагдсан. Миний бодлоор МАН-ынхан залуучууд руу чиглэсэн шинэлэг маркетинг явуулах хэрэгтэй. Тэдэнтэй үргэлж ойр байж, тэдний санал бодлыг сонсох хэрэгтэй. Залуус яагаад Д.Энхбатад саналаа өгсөн бэ гэвэл тэдний манлайлал болсон Домог IZ, Трейдэр Мөнхжин, Володя Баярсайхан гэх мэт инфлюенсерууд түүнийг дэмжсэнд байгаа юм. Дээрээс нь интернетийг оруулж ирсэн, мэдээллийн технологийг дэмжинэ гэсэн “мэссэж” явуулсанд ч бий. Тиймдээ ч Д.Энхбатыг дэмжвэл аягүй “күүл”, дажгүй харагдана гэж манай залуус бодсон байх. Угтаа бол бүх намууд л тэр “күүл”, дажгүй юмыг дэмжиж байгаа шүү дээ. Иймд МАН тэр инфлюенсеруудын санал бодлыг сонсох хэрэгтэй.

-Сэтгүүлч би залуу хүний хувьд мөн л Д.Энхбатыг дэмжсэн. Тэр хүн ялчихвал Монголын улс төрд шинэ уур амьсгал орж ирэх байх гэж найдсан. Улс төрд гуравдагч хүчин гараад ирвэл илүү өрсөлдөөнтэй, үүнийгээ дагаад хариуцлага ч нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байсан.

-Таны санал бодлыг хүндэтгэж ойлгож байна. Гэхдээ ганцхан гишүүнтэй улс төрийн хүчний чадах юм дутмаг. Ард түмэн 2020 онд ХҮН намд ганцхан гишүүний суудал өгсөн. Үнэн биз дээ? Ганцхан баатартай арми байх уу? Сэтгүүлч та улс төрийг хэт гэнэн ойлгоод байгаа байх. Жижиг намаас ганц Ерөнхийлөгч гарч ирээд л нөлөө бүхий гуравдагч улс төрийн хүчин бий болно гэвэл дутуу үнэлэлт. Наад зах нь УИХ-д ядаж 8 гишүүнтэй бүлэг байх ёстой юм. 65 гишүүнтэй МАН-ын бүлгийн хажууд ганц гишүүн юу хийх вэ дээ.

-Ерөнхийлөгчийн албан тушаал нь давхар гадаад бодлогоо авч явдаг дипломатч шинжтэй. Д.Энхбатад дипломат шинж чанарууд бий. Нөгөө хоёроо бодвол ядаж л англи хэлтэй.

-Монгол Улсын Ерөнхийлөгч нь улс орны нэгдмэл байдлын бэлгэ тэмдэг төдий албан тушаал биш юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулсан ч энэ албан тушаал нь олон зүйлд нөлөөлж чаддаг. Үүнээс гадна төрийн өндөрлөгүүдийн хамгийн нөлөө бүхий нь Ерөнхийлөгч болж хувирч байна. Энэ нь улс төрд шинэ жишиг тогтооно. Ямартай ч У.Хүрэлсүх төрийн залгамж халааг илүү тогтвортой, тодорхой болгоно гэсэн хүлээлттэй байна.

-Инфлюенсеруудтэй уулзах хэрэгтэй гэснээс тэд нар чинь мөнгөний төлөө явж, нэр хүндээ унагаахыг хүсэхгүй шүү дээ. Саяхан жүжигчин О.Дөлгөөний жишээг бүгд харлаа.

-Би мөнгө гэж ерөөсөө яриагүй. Залуус угаасаа худалдагдахгүй. Харин тэд залуусын төлөөлөлтэй уулзаад “Чи яагаад ХҮН намыг дэмждэг юм бэ? МАН бид нарын юу нь чамд таалагдахгүй байна вэ? Бид чамайг сонсоё, чиний асуудлыг ойлгоё, мэдээллийн технологийг дэмжье” гээд танилцаж, сонсох хэрэгтэй шүү дээ. “Хандлагаа өөрчилье” төслийн Б.Энхжаргалан, “Лантуун дохио” ТББ-ын Ч.Ганжавхлан гэх мэтийн залуустай уулзаж, тэдний хүсэл сонирхлыг сонсож, ажлыг нь нам харгалзахгүй дэмжих хэрэгтэй. Залуусын хүсэл сонирхлыг дэмжиж, сэтгэл зүрхэнд нь хүрч, МАН-ыг тэдэнд таниулах хэрэгтэй.

-Таны бодлоор ирэх зургаан жилд юу болох вэ? Шинжээч хүний хувьд та залуучуудад юу гэж зөвлөх вэ?

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэгэнт ялсан. Энэ бодит байдалтай прагматикаар эвлэрэх хэрэгтэй болов уу. Сонгуулийн дараа наадам, наадмын дараа намар. Аж ахуй, амьдралаа бодъё оо, залуус аа. Ирэх есдүгээр сараас Монголд бизнес, эдийн засгийн “boom” болно. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, ковидоос үүдэлтэй хөл хорио дуусч, вакцинжуулалт жигдэрч байгаа тул энэ намраас Монголд төр, нийгмийн тогтвортой байдал бий болно. Үүнээс улбаалж эдийн засаг огцом сэргэж, ам.долларын ханш улам тогтворжино. Түүнчлэн тоглоомын дүрэм ирэх зургаан жилд тодорхой байх тул хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, том компаниуд том том төслүүд рүү ямар ч айдасгүй зоригтой хөрөнгө оруулах болно. Зам, барилга, уул уурхай гэх мэт төрөл бүрийн салбаруудын үйл ажиллагаа огцом өсөлттэй байх болно. Бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, шинэ хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажлын байр нэмэгдэнэ. Ажил олгогчид хамгийн түрүүнд мэдээж залуусыг л ажилд авна. МАН ямбыг нь ч эдэлнэ, ялыг нь ч үүрнэ, гавьяагаа ч хариуцлагаа ч үүрэх цаг ирлээ.

-Гэвч нэг намын засаглалтай болж, дарангуйлал тогтоно гэсэн болгоомжлол нийгэмд байна. Энэ талаар?

-Би Монголд дөрвөн жил бизнес хийлээ. Энэ хугацаанд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байсан. Мэдээж аливаа бизнесмен зөрчилтэй бол торгуулна, зөрчлөө арилгаад үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Бүх л бизнесменүүд энэ замыг туулдаг. Хаана хэнийгээ дарангуйлах гээд байгаа юм бэ? Төр бизнест шаардлага тавьлаа, харин бизнесменүүд шаардлагыг нь биелүүлээд л асуудалгүй шүү дээ. Дарангуйллаа гэж бодоход, Монгол Улсад шүүх, цагдаа, Хүний эрхийн комисс, ШӨХТГ, олон улсын байгууллагууд байна. Мөн үүний ард НҮБ, цаашлаад Монголыг ардчиллын баян бүрд гэж нэрлэсэн АНУ байна шүү дээ. Тэд бүгд хүний эрхийг хамгаалах үүрэгтэй. Шаардлага биелүүлээд явахад ямар ч асуудалгүй байх аа.

Эцэст нь хэлэхэд, Монголын нийгэмд үүлэн чөлөөний наран гарах цаг ирлээ. Залуучууд улс төр биш, урдах ажилдаа анхаарч хөрөнгөжих, “чөмөгжих” хэрэгтэй байна. Сайн ажил олгогч компанид ороод, компанидаа хүлээн зөвшөөрөгдөөд, өндөр цалинтай болж хувийн хуримтлал үүсгэ, жижиг дунд бизнес эрхлэгч бол бизнесээ томруулж, хөл дээр нь босго гэж зөвлөе.