Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Камерны өмнө “морь харсан” Канадын парламентын гишүүн зарим ажил үүргээсээ түр татгалзжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт болсон Канадын парламентын доод танхимын чуулганд видео холбоогоор оролцож байсан гишүүн камерны өмнө “морь харсан” хэрэгт холбогдож, зарим ажил үүргээсээ түр татгалзжээ.

Ерөнхий сайд Жастин Трюдогийн эрх баригч Либерал намын гишүүн Уилльям Амос өчигдөр гаргасан мэдэгдэлдээ “камер асаалттай байгааг анзааралгүй хөнгөнөөр бие зассан” үйлдэлдээ олон нийтээс уучлалт гуйсан байна.

Нэг сар орчмын өмнө тэр мөн чуулганд зайнаас оролцож байхдаа камерны өмнө нүцгэлж дуулиан дэгдээж байжээ.

Гэрчүүдийн мэдээлснээр Амос ширээнийхээ ард утсаар ярьж зогсохдоо коффены аяга руугаа шээсэн юм байна. Канадын сөрөг хүчний Консерватив намынхан богино хугацаанд хоёр удаа эвгүй үйлдэл гаргасан Амост илүү хатуу хариуцлага тооцохыг шаарджээ.

 

“Энэ бол ноён Амосын хувьд санаандгүй явдал биш, ердийн зан авир нь бололтой. Трюдогийн Либерал нам эхний явдлын дараа ажлын байранд биеэ хэрхэн зөв авч явах асуудалд анхаарал хандуулаагүй нь эндээс харагдлаа” гэж Консерватив намын хууль тогтоогч Карен Веккио мэдэгдсэн байна.

Амос гаргасан үйлдлийнхээ төлөө байнгын хорооны гишүүн, парламентын нарийн бичгийн даргын ажил үүргээсээ түр татгалзах ч парламентын гишүүн хэвээр үлдэх ажээ.

Тэр бас зан авираа өөрчлөх тал дээр мэргэжлийн туслалцаа авахаа мэдэгдсэн байна.

Дөрөвдүгээр сард Амос камерны өмнө бүрэн нүцгэлж байсан удаатай. Тухайн үед тэр өглөөний дасгал хийснийхээ дараа хувцсаа сольж байсан, ингэхдээ камер асаалттай байгааг мэдээгүй гэж тайлбарлаж байжээ.

 

Эх сурвалж: AFP