Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Киргизийн ерөнхийлөгч Кумторын алтны уурхайн удирдлагыг төрд шилжүүлж авах хуулийг баталжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Канадын хөрөнгө оруулалттай Кумторын алтны уурхайн удирдлагыг төрийн мэдэлд түр хугацаагаар шилжүүлэхийг зөвшөөрсөн хуулийг Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров өчигдөр баталжээ.

Өнгөрсөн долоо хоногт Киргизстаны парламент уг хуулийн төслийг хэлэлцэж, дэмжсэн юм. Хуулийн дагуу уурхайн үйл ажиллагаа нь байгаль орчин болон хүн ардын ахуй амьдралд сөргөөр нөлөөлсөн тохиолдол гарах бүрт Киргизийн засгийн газар удирдлагыг нь өөртөө гурван сарын хугацаатай шилжүүлж авч болох ажээ.

Кумторын алтны уурхай нь Киргизийн хамгийн том татвар төлөгч юм. Канадын хөрөнгө оруулагч Центерра Голд компани шинэ хуулийг “уурхайг төрийн мэдэлд авч, хөрөнгө оруулагчдыг хөөх зорилготой алхам” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Киргизстаны засгийн газар Кумторын алтны уурхайн 26 хувийг эзэмшдэг юм.

Ерөнхийлөгч Садыр Жапаров нь өөрийн төрөлх нутаг Иссык Кулийн бүс дэх Кумторын алтны уурхайг төрийн мэдэлд авах санааг идэвхтэй дэмжигч, энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд бүр 2012 оноос эхлэн тэмцсэн хүн гэгддэг.

 

Тэрбээр 2013 онд Кумторын үйл ажиллагааг эсэргүүцсэн үймээн дэгдээж, орон нутгийн удирдлагыг барьцаалж байжээ.

2017 онд Жапаров энэ хэргийнхээ төлөө шүүхээс 10 жил шоронд хоригдох ял сонсож байв. Харин 2020 оны аравдугаар сард гарсан иргэдийн бослогын дараа Жапаров хэд хэдэн улс төрчдийн хамт шоронгоос суллагдаж, дараа нь энэ оны нэгдүгээр сард бослон ээлжит бус сонгуулиар Киргизстаны ерөнхийлөгч болжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe