Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистанаас АНУ-ын цэрэг гарч эхэлснээр Талибуудын довтолгоо эрчимжлээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын цэргийн баазыг хүлээж авсан Афганистаны арми далбаагаа мандуулж байна

Тавдугаар сарын 1-нээс АНУ-ын цэрэг Афганистанаас албан ёсоор гарч эхэлж байгаа. Энэ үйл явц есдүгээр сарын 11-нд дуусахад тус улсад ганц ч Америк цэрэг үлдэхгүй юм.

Ням гарагт Афганистаны өмнөд бүсийн Хелманд муж дахь баазыг АНУ-ын тал засгийн газрын зэвсэгт хүчинд шилжүүлж өгсөн байна. Үүнтэй зэрэгцэн Хелманд мужийн Пакистантай залгаа хилийн постууд руу Талибууд өргөн хүрээнд довтолж эхэлжээ.

Тулаан мужийн төв Лашкар Гах хотын захад тулж ирсэн байна. Хил орчмын бүсээс нийт 1,000 гаруй өрх айл орон гэрээ орхин дүрвэжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хелманд мужид Талибын 100 гаруй дайчныг устгаснаа Афганистаны батлан хамгаалах яам өчигдөр мэдээлсэн юм.

Эдгээрээс гадна Пакистанаас хилээр нэвтэрч ирсэн Аль Кайда зэвсэгт бүлгийн 22 гишүүнийг засгийн газрын арми устгасан байна.

Эхэндээ Талибууд хилийн хэд хэдэн постыг эзэлж авсан ч сүүлд буцааж чөлөөлсөн тухай Афганы тал мэдээлжээ.

Хеландаас гадна Афганистаны өөр хэд хэдэн мужид Талибууд засгийн газрын зэвсэгт хүчинтэй дайтаж эхэлсэн тухай мэдээ ирж байна.

Харин Пентагон үүссэн нөхцөл байдалд төдийлөн санаа зовохгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Даваа гарагт Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа манай цэргүүд болон тэднийг гаргах үйл ажиллагаанд ямар нэг саад бэрхшээл тохиолдоогүй байна” гэжээ.

2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр Аль Кайда террорист байгууллага АНУ-ын нутаг дэвсгэрт халдлага үйлдсэний дараа Афганистаны дайн эхэлж, бараг 20 жил үргэлжилсэн юм. Аль Кайдагийн халдлагын 20 жилийн ойн өдөр Афганистанаас АНУ-ын үлдсэн 2,500 орчим цэрэг бүрэн гарч дуусна.

Мягмар гарагийн байдлаар цэрэг гаргах ажиллагаа 2-6 хувьтай байгааг Вашингтоны албаны хүн мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press