Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Триатлоны Азийн аварга шалгаруулах тэмцээн - 2021" Япон улсад амжилттай зохиогдлоо

ikon.mn
2021 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

2021 оны 4 сарын 23-25 хооронд Япон улсын Хирошима аймгийн Хацикайчи хотод ээлжит Азийн триатлоны эрхийн төлөөх тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнийг 1992 оноос эхэлж Азийн триатлоны холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд нийт 35 орноос эрэгтэй 5, эмэгтэй 5 тамирчин эх орноо төлөөлж оролцох дүрэмтэй байдаг.

 

Энэ удаагийн тэмцээн Коронавирусын тархалтын хүнд цаг үед 2020 оны Токио олимптой холбож өндөр зохион байгуулалттай явагдаж дууслаа. 12 орны 58 тамирчин пара триатлон, элит эрэгтэй, эмэгтэй дараагийн өдөр насны ангилалын зэрэглэлтэйгээр явагдаж байна.

Элит ангиллын гадаад дотоодын бүх тамирчдыг 5 өдрийн турш зочид буудалд тусгаарлаж өдөрт 2 цагийн дугуйн бэлтгэлийг ээлж дараалалтай хийж өөрсдийн өрөөндөө ганцаарчилсан бэлтгэл сургуулилт хийгдэж байсан нь цаг үетэйгээ уялдсан тархалтыг дэлгэрүүлэхгүй сонгодог арга байлаа. Мөн өдөр болгон эрүүл мэндийн тест онлайнаар авч, шүлсээр шинжилгээ хийж шалгах гэх мэт нөхцөл байдалтайгаар бүх оролцогч тамирчдыг ижил орчинд байлгаж чадсанаар бүх тамирчдын аюулгүйг хангаж тэмцээн уралдааныг эрсдэлээс хамгаалж чадлаа.

2021 оны Азийн Триатлоны аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас Япон улсад оршин суугч манай тамирчин Ц.Цэрэнбат өөрийн япон дасгалжуулагчтай хамтран эх орноо төлөөлж оролцлоо. Олимпын эрх авахад чухал оноо авдаг өндөр зэрэглэлийн тэмцээнд өөрийн эр зориг, бэлтгэл сургуулилтаа хангаж усан сэлэлтийн замаа амжилттай дуусгаж дугуйн замаа эхлүүлэх хугацаагүй болсон тул замаа зогсоох болсон юм.

Триатлоны тэмцээнд тойргоор идүүлэх буюу эхний тамирчин сүүлийн тамирчныг тойргоор гүйцэж өнгөрөх үед тухайн тамирчин замаас хасагдах хатуу дүрэмтэй байдаг. Энэ удаагийн тэмцээнд улсынхаа нэрийг гаргаж хамгийн ахмад тамирчин нэртэйгээр 19 наснаас дээш залуу тамирчидтай өрсөлдсөн явдал нь монгол хүний эр зориг, авхаалж самбааг харуулж чадлаа. Манай тамирчин цаашдын Япон дахь тэмцээн уралдаанаа энэхүү туршлага амжилтаа ахиулахын төлөө хичээж 5 сарын 15, 16нд Япон улсад зохиогдох Ёкохама триатлоны тэмцээнд насны ангилалд оролцохоор бэлтгэлдээ оржээ.

 

Тэмцээний элит эрэгтэй ангилалд Японы тамирчид алт, мөнгө, хүрэл медаль авч, эмэгтэй төрөлд Хятадын тамирчин алт, мөнгө хүрэл медалыг Японы тамирчид авлаа. Хятадын тамирчин алтан медаль авсан нь Японы багийн ахлагч өөрийн тактикийн алдаанаас болсон талаар уучлалт гуйж дараагийн тэмцээндээ анхаарч ажиллах талаар мэдэгдэж байсан нь авууштай удирдагч байлаа. Мөн эрчүүдийн баг өмнө түрүүлж байсан тамирчинг байр эзлүүлэхгүй тактикаар эхний байруудыг авч чадсан нь Япончуудын багаар ажиллах чадварыг тодорхой харуулж байгаа нь энэ спортын хөгжилд нэгдсэн бодлого, алсын хараа хэрэгтэйг харуулж байна. 5 эрэгтэй 5 эмэгтэй тамирчины бэлтгэл сургуулилтыг хангахын тулд 20 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж амжилт гаргах олон талын туслалцаа дэмжлэгийг үзүүлж чадаж байгаа нь олон улсад эх орноо мандуулах арга барил гэдгийг хөгжилтэй орны баг хамт олныг хараад ойлгож мэдэрлээ. Манай улс энэ тэргүүнд олон улсад өрсөлдөх хэмжээний залуу тамирчдыг бодлоготойгоор хөгжүүлж дэмжвэл хойч залгамж үе маань энэ сайхан өндөр зэрэглэлийн спортоор амжилт гаргах боломж байгаа билээ.

Эцэст нь энэхүү тэмцээнд оролцоход тусалсан Монголын триатлоны холбооны удирдлага, дэмжин ажилласан Шинэ Монгол сургуулийн удирдлага, Худалдаа хөгжлийн банкны Япон дахь салбар, Гоо-марал брэндийг үйлдвэрлэгч нарт талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу.