Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Юнайтед Белаз Машинери” ХХК: МЭДЭГДЭЛ

ikon.mn
2021 оны 4 сарын 22
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
 

“Юнайтед Белаз Машинери” ХХК нь БЕЛАЗ брэндийн Монгол Улс дахь цорын ганц албан ёсны дистрибьютер бөгөөд уул уурхайн болон бусад хүнд даацын машин механизмуудыг нийлүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэх мөн сэлбэг нийлүүлэх эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг Монгол Улсын хуулийн этгээд болно. Сүүлийн үед цахим сүлжээгээр манай компанийн талаар “Монгол Улсын ерөнхийлөгчийн хамаарал бүхий компани...”, “оффшор бүс рүү мөнгө гаргадаг...”, “төрийн компаниуд руу өндөр үнээр машин, сэлбэг нийлүүлдэг...” гэх мэдээллүүд нь ямар ч ор үндэсгүй, худал болохыг үүгээр мэдэгдэж байна.



МЭДЭГДЭЛ

“Юнайтед Белаз Машинери” ХХК нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хүнд даацын өөрөө буулгагч машины засвар, техникийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Компани үүсгэн байгуулагдсан шалтгаан нь тухайн үед Монгол улсад Белаз-н үйлдвэрийн машин механизмыг нийлүүлж байсан хэд хэдэн компаниудад сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээтэй холбоотой гомдол, асуудлууд үүсэж байсан тул Белаз Холдинг буюу толгой компанийн зүгээс тус асуудлуудыг шийдэх зорилгоор Монгол Улсад цорын ганц албан ёсны төлөөлөгч, дистрибьютор компани нээх нь зүйтэй гэж үзэж, “Юнайтед Белаз Машинери” ХХК-д цорын ганц албан ёсны төлөөлөгчийн эрхийг олгосон. Үүнээс хойш бид 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Уул уурхайн хүнд даацын машин механизмын нийлүүлэлт, борлуулалт нь бизнес гэхээс илүүтэйгээр засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл дээр тулгуурласан үйлчилгээ болно.

Иймд, мэргэжлийн засвар үйлчилгээ үзүүлэх зорилгоор манай компанид Белаз Холдинг компанийн тусгай эрхтэй мэргэшсэн мэргэжилтнүүд ажилладгийн нэг нь Б.Н.Беларусь улсын иргэн Л.Я. Слободский болно. Өнөөдрийн байдлаар манай компани нийт 160 ажилтантай ба эдгээр ажилчдын 130 нь уул уурхайн машин механизмын инженер, техникийн ажилчид болно. Мөн Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт 16 тэрбум төгрөгийн үнэ бүхий сэлбэг, дугуйн төвлөрсөн агуулах зэргийг өөрийн хөрөнгөөр үүсгэж чанартай засвар үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Белаз-н машин механизмууд нь ашиглахад энгийн, хялбар, засвар үйлчилгээний зардал хамгийн бага, үйлдвэрлэлийн өртөг бага зэргээс хамааран тус зах зээлд өөрийн байр суурийг хадгалсаар ирсэн билээ. Белаз-н автосамосвал нь АНУ-н Камминц хөдөлгүүр, ОХУ, Герман улсуудын цахилгаан хөдөлгүүр зэрэг дэлхийд танигдаж шалгарсан бүрэлдэхүүн эд ангиудаас бүрддэг. Дэлхийн бусад брэндийн автосамосвалуудаас ялгарах онцлог давуу талыг жишээ аван дурдвал 90-450тн даацтай цахилгаан хөтлөгчтэй автосамосвалууд нь ижил төстэй өөр брэндийн автосамосвалуудаас 25-30 хувиар хямд байдаг ба ашиглалтын зардал мөн адил 25-30 хувь бага байдаг.  

Бид 2013 оны 03-р сарын 25-ны өдөр 13/08-79 тоот гэрээ байгуулан “Багануур” ХК-д 4 ширхэг Белаз автосамосвалуудыг нийт 4,648,000,000 /дөрвөн тэрбум зургаан зуун дөчин найман сая/ төгрөгөөр нийлүүлж байсан. Тус борлуулалтыг хийх үед бид “Багануур” ХК-тай гэрээ байгуулсан. Мөн 2013 оноос хойш “Багануур” ХК-д өөр ямар нэг техник хэрэгсэл нийлүүлээгүй, бусад хэлбэрээр хамтран ажиллаагүй бөгөөд нүүрс бутлах, ачих үйлдвэрийн байгууламжийг өргөтгөх талаар яриа, хэлэлцээр, гэрээ хийгээгүй. Хөгжлийн банкнаас 18,6 тэрбум төгрөгийн санхүүжилт аваагүй бөгөөд энэ нь ор үндэслэлгүй, худал мэдээлэл болохыг үүгээр мэдэгдэж байна.

“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-тэй хамтран ажиллах гол шалтгаан нь тус үйлдвэрийн уул уурхайн олборлолтын үйл ажиллагаанд ашиглагдаж буй хүнд даацын машин механизмууд нь 100% Белаз-н автосамосвалууд байдагт оршино. “Юнайтед Белаз машинери” ХХК-г үүсгэн байгуулагдахаас өмнө тус үйлдвэрийн авто бааз нь Белаз-н автосамосвалаар бүрэн тоноглогдсон байсан буюу Монгол улсад уул уурхайн салбар үүсэх үед Эрдэнэт үйлдвэр нь тус үйлдвэрийн машин механизмыг хамгийн анх ашиглаж, технологид нэвтрүүлсэн билээ. Та бидний мэдэж байгаачлан “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ нь бүхий л худалдан авалтаа Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу тендер шалгаруулалтаар сонгож шударгаар өрсөлдүүлэн шалгаруулж авдаг болно. Тус тендер шалгаруулалтад бид хуулийн дагуу баримт материалуудыг бүрдүүлэн нээлттэйгээр оролцдог. Мөн хувийн хэвшлээс гэхэд “Монголын Алт (МАК)” ХХК Белаз үйлдвэрийн хамгийн том хэрэглэгч билээ.

Манай компанид хувьцаа эзэмшдэг байсан В.Г.Япринцев нь дэлхийн самбо бөхийн аварга бөгөөд Монгол улсын ерөнхийлөгчтэй 1980-д онд спортын замналынхаа явцад танилцаж нөхөрлөж байсан нь компанийн үйл ажиллагаатай огт хамаагүй буюу компани анх үүсгэн байгуулагдахад өнөөдрийн МУ-н ерөнхийлөгч шууд ба шууд бусаар оролцож байгаагүй болохыг бид албан ёсоор мэдэгдэж байна.

В.Г.Япринцев нь спорт тэр дундаа Самбо бөхийн үнэнч дэмжигч бөгөөд 2017 оноос эхлэн Монгол улсын Самбо бөхийн холбооны ерөнхий ивээн тэтгэгч болж тамирчдыг дасгалжуулах, дэмжих бусад бүхий л чиглэлээр хамтран ажилласаар ирсэн. Ингэхдээ өөрийн биеэр Монгол улсад ирж самбо бөхийн шигшээ багийг бэлдэж, дэлхийн мэргэжлийн баг тамирчдыг урин авчирч хамтарсан бэлтгэл сургуулиалтыг тогтмол хийснээр 2019 онд Монгол улс Самбо бөхийн дэлхийн хоёр ч аваргатай болсон. Аливаа спортын төрлийг дэмжих, санхүүжүүлэх нь асар их өртөгтэй байдаг тул хувьцаа эзэмшигчийн зүгээс энэ чиглэлд бүхий л хөрөнгө оруулалтыг хийж ажилласаар ирсэн бөгөөд цаашид ч ажилласаар байх болно.

Мөн компани үүсгэн байгуулагдахаас өмнө Монгол улсад ирж ажилласан Белаз Холдинг компанийн төлөөлөгч нарт орчуулагчаар ажиллаж байсан Моёл Отгонжаргал нь анх компани байгуулахад бага хэмжээний хувь эзэмшиж байсан ба энэ чиглэлийн үйл ажиллагаа нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай мөн уул уурхайн машин механизмууд нь өөрийн мэдлэгээс хол хөндий байсан тул өөрийн эзэмшиж байсан хувьцаанаас татгалзсанаар тус компанийн бизнесээс бүр мөсөн гарсан билээ. Өөрөө хэлбэл Моёл Отгонжаргал нь манай компанид ямар ч хамааралгүй хүн юм.  

Гэвч сүүлийн үед зарим нэг сайт, нийгмийн сүлжээгээр санаатай, илт гүтгэсэн, хуурамч мэдээлэл тарааж байгаад бидний зүгээс маш их харамсаж байгаа бөгөөд бидэнтэй энэ талаар өнөөдрийг хүртэл хэн ч холбогдож тодруулга аваагүй байна. Уг мэдээллүүд дээр гарч буй манай компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн Мересс болон Блустэйт компаниуд нь ямар нэг хууль бус үйл ажиллагаа явуулдаггүй банкны данс нь идвэхгүй төлөөллийн үүрэг гүйцэтгэж байгаа хуулийн этгээдүүд болно. Мөн үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн тус компаниудруу бид нэг ч удаа нэг ч төгрөг, цент шилжүүлж байгаагүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Эдгээр нь манай компанийн дансны гүйлгээ болон бусад баримтаар бүрэн нотлогдоно.

Өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулах хугацаандаа бид бүх хувьцаа эзэмшигч нартаа нэг ч удаагийн ногдол ашиг олгож байгаагүй бөгөөд өөрсдийн олсон ашгийг Монгол улсад болон “Юнайтед Белаз Машинери” ХХК-д эргүүлэн хөрөнгө оруулалт болгон оруулж борлуулалтын дараах үйлчилгээг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн.

Бид 2012 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд улсад нийт 48 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлсэн бөгөөд шууд байдлаар 160 ажлын байр шууд бусаар 2000 гаран ажлын байр шинээр бий болгоод байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд 2017 оноос эхлэн жил бүр Монгол улсаас Б.Н.Беларусь улс руу оюутан сургах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж 100% тэтгэлэг олгож санхүүжүүлсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар нийт 15 оюутан сургаж байгаа ба эхний төгсөлтийн оюутнууд маань төгсөж ирээд ажлын байраар бүрэн хангагдан манай компанид ажиллаж байна.

Манай компани үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын холбогдох бүхий л хууль тогтоомжинд захирагдаж, холбогдох дүрэм журмын дагуу шударгаар үйл ажиллагаа явуулж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Мөн жил бүр санхүүгийн хяналт шалгалт, аудит хийгдэж харьяа татварын болон бусад байгууллагын хяналт шалгалтаар шалгагдаж байдаг.

Бидний зүгээс өнөөдрийн Монгол улсад үүсээд буй улс төрийн зорилготой хэн нэгнээ харлуулах гэсэн ямар ч баримт нотолгоогүй ам дамжсан мэдээллээр хэдэн зуун ажилчдын ажлын байр, амь амьдралыг үгүйсгэн устгах, тэрхүү мунхаглан зүтгэх үг үйлдлээс нь ямар ноцтой үр дагаврууд үүсэж болох талаар тооцолгүй худал мэдээлэлээр дайрч давшилж байгаад гүнээ харамсаж байна. Энэхүү асуудал нь цаашлаад хоёр улсын хооронд үл ойлголцол үүсэх, дипломат ёсонд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч байна. Тус гүтгэлэг мэдээллийг зориудаар тарааж буй хүмүүс нь улс эх орон, ард түмний эрх ашгаас илүүтэйгээр өөрсдийн ашиг сонирхлыг дээгүүр тавьж, амин хувийн өс хонзонг авах зорилгоор гэмгүй энгийн ажилчидын амьдралыг устгахад ч бэлэн байгаа нь аймшигтай байна.

“Юнайтед Белаз Машинери” ХХК-н хэдэн зуун ажилчид ч гэсэн Монгол улсын ард иргэд мөн бөгөөд тэдний ард байгаа үр хүүхэд, ар гэрийг нь огтхон ч бодолгүй хуурамч мэдээллээр дайрч давшилсаар байгаад мөн харамсаж байна. Улс төрийн энэхүү бохир тоглолтоос үүдэн жирийн ард иргэд, хэвийн үйл ажиллагаа явуулж буй компанид халдахгүй байхыг нийт ажилтан ажиллагсдын өмнөөс хүсье.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.