Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд нислэгийнхээ тоог цөөрүүлж, хиймэл мах зооглоно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн топ баячуудын нэг, Майкрософт компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс өнгөрсөн Баасан гарагт Reddit сошиал сайтын Ask Me Anything буланд оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн талаар хүмүүсийн асуултад хариулжээ.

Хүн төрөлхтнийг хамарсан цар тахлын аюулыг олон жилийн өмнөөс анхааруулж байсан Гэйтс энэ удаа уур амьсгалын өөрчлөлт ирээдүйд ямар аюул учруулах талаар ярьсан байна.

Түүний тооцоолж байгаагаар нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл 2060 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас амиа алдах хүний тоо Covid-19-ийн учруулсан хохирлын хэмжээнд хүрэх гэнэ. Харин 2100 онд байгалийн гамшиг нь цар тахлаас тав дахин олон хүний аминд хүрдэг болох төлөвтэйг Гэйтс анхааруулжээ.

Агаар мандал дахь хүлэмжийн хийг бууруулж, дэлхийн дулаарлыг удаашруулахын тулд хүн бүр хэрэглээгээ танах шаардлагатайг тэр хүмүүст зөвлөсөн байна.

“Хувь хүнийхээ хувьд би бас тэмцэж байгаа. Би цахилгаан хөдөлгүүртэй автомашинтай болсон. Гэртээ нарны эрчим хүчний үүсгүүр суурилуулсан. Хүнсэндээ синтетик мах хэрэглэдэг боллоо. Нисэх онгоцондоо ‘ногоон түлш’ хэрэглэж байгаа” гэж Гэйтс бичжээ.

Тэр бас цар тахлын үед зайнаас ажиллах боломжуудыг олж харсан тул цаашдаа агаарын аялалаа цөөрүүлэх төлөвлөгөөтэй байгааг бичсэн байна.

Билл Гэйтс саяхан хэвлүүлсэн “How to Avoid a Climate Disaster” номондоо хувь хүн бүр дэлхийн дулааралтай хэрхэн тэмцэх боломжтой талаар дэлгэрэнгүй бичжээ.

 

Эх сурвалж: Business Insider