Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвийн бүлэг Зүүн Өмнөд Азийн орнуудад нэг тэрбум тун вакцинаар туслахаа амлажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Ази, Номхон далайн бүс нутагт Хятадын хүч нөлөөг хязгаарлах зорилготой байгуулагдсан Дөрвийн бүлгийн (Quad group) анхны дээд хэмжээний чуулган өчигдөр виртуал орчинд зохион байгуулагдлаа.

Чуулганд оролцсон АНУ, Япон, Энэтхэг, Австралийн төрийн тэргүүнүүд 2022 оны сүүлч хүртэл Зүүн Өмнөд Азийн орнуудад коронавирусийн эсрэг нэг тэрбум тун вакцин тусламж болгон өгөх амлалт авсан байна.

Тусламжийн вакцин нь Johnson & Johnson компанийн нэг тунтай вакцин байх ба Энэтхэгт захиалж үйлдвэрлүүлэхээр болжээ.

“Энэтхэгийн үйлдвэр, Америкийн технологи, Япон, Америкийн санхүүжилт, Австралийн ложистикийн хүчээр нэг тэрбум тун вакциныг нийлүүлэхээр боллоо” гэж АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан чуулганы дараа мэдэгдсэн юм.

Тусламжийн вакциныг ASEAN (Association of South East Asian Nations) байгууллагаар дамжуулж түгээх гэнэ.

ASEAN бол нийт 500 гаруй сая хүн амтай Зүүн Өмнөд Азийн 10 орныг багтаасан бүс нутгийн томоохон байгууллага юм.

Johnson & Johnson компанийн бүтээсэн вакцинд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр яаралтай горимд ашиглах зөвшөөрөл олгосон байна.

Тусламжийн вакциныг Энэтхэгийн Biological Ltd компанид үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Дөрвийн бүлгийн удирдагчид өчигдөр вакцины асуудлаас гадна уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн хамтын ажиллагааны сэдвүүдээр ярилцсан байна.

Хятад улс өөрийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг дипломат бодлогынхоо нэг хэсэг болгон ашиглаж байгаа. Өнөөдрийн байдлаар тус улс хөгжиж байгаа 69 улсад вакцинаа хандивлаж, өөр 43 улсад арилжааны нөхцлөөр нийлүүлэхээр болжээ.

Дөрвийн бүлгийг байгуулах санаачилга бүр 2007 онд анх гарсан ч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны үед л бодитой хэрэгжиж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: BBC