Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Насанд хүрсэн бүх Америкчууд тавдугаар сарын 1-нээс вакцинжуулалтад хамрагдах боломжтойг Жо Байден зарлалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагийн үдэш АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөснөөсөө хойш анх удаа телевизээр ард түмэндээ хандаж мэдэгдэл хийжээ.

Цар тахалд нэрвэгдсэн эдийн засаг, ард иргэдийнхээ амьдралыг дэмжих $1.9 их наядын хөтөлбөрийг баталсантай холбогдуулж тэр уг мэдэгдлээ хийсэн юм.

Насанд хүрсэн бүх Америкчууд тавдугаар сарын 1-нээс эхлэн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах боломжтой болсныг Байден энэ үеэр зарлажээ.

“Энэ нь бүгд тэр дороо вакцин тариулна гэсэн үг биш. Тавдугаар сарын 1-нээс эхлэн вакцин тариулах боломж нээгдэнэ гэсэн үг юм” гэж тэр тайлбарласан байна.

АНУ-ын холбооны засгийн газар тавдугаар сарын 1-нд хаана, хэзээ вакцин хийлгэх боломжтойгоо шалгах вэбсайтыг иргэдэд зориулж нээх ажээ. Өөрөөр хэлбэл бүх иргэд вакцин тариулах хүсэлтээ гаргаж, дарааллын дагуу хамрагдах юм байна.

Хүн амыг вакцинжуулах хөтөлбөрийг эрчимжүүлсний гол зорилгыг долдугаар сарын 4-ний тусгаар тогтнолын өдрийг гэр бүлээрээ айх аюулгүй тэмдэглэх явдал гэж Байден тодорхойлжээ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш АНУ-ын засаг захиргаа гурав дахь удаагаа эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь энэ юм. Энэ удаа дунд болон бага орлоготой Америк хүн бүр нэг удаа $1,400-ын чек хүлээж авах ажээ.

 

Эх сурвалж: The Verge