Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гарди: Манай улсад 18 орны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаад улсад тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрийн талаар БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Гардиас тодрууллаа.

-Манай улс гадаадын хэдэн оронд оюутнуудаа тэтгэлгээр суралцуулдаг вэ?

-Засгийн газар болон яам хоорондын гэрээ хэлэлцээр манай улс 18 оронтой тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүн дээр Боловсролын зээлийн сангийн хөтөлбөр нэмэгдэнэ. Одоогоор ОХУ-ын хөтөлбөр зарлагдсан. Унгар улсын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт үргэлжилж байгаа бол БНХАУ-ын сонгон шалгаруулалт нь дууссан. Австрали, Турк улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдсан байна. Магистр, докторын хөтөлбөрийн тухайд АНУ-ын Фулбрайт хөтөлбөр удахгүй зарлагдана. 

-Шалгуурын тухай тодруулъя. Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тавигдах нийтлэг шалгуурууд юу вэ?

-Улс орон бүрийн шалгуур, тавигдах шаардлага харилцан адилгүй ч дийлэнхдээ голч оноо 3-аас дээш, эссэ, зорилгоо тодорхойлсон байдал болон хэлний мэдлэгтэй байхыг шаардана. Зарим улс В2 түвшинг хүлээн зөвшөөрдөг бол зарим нь IELTS-ын 5-аас дээш оноотой байх шаардлага тавина.

Хятад улс тэтгэлгийн шаардлагатай хэлний мэдлэгийг HSK-4 байх ёстой гэж тусгадаг. Харин зарим улсын тэтгэлэгт хөтөлбөрт хэлний бэлтгэл багтана. Жишээлбэл, Украин улсад суралцахад хэлний бэлтгэлд хамрагддаг. Гэхдээ аль ч улсад очиж суралцахад англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх ёстой. Учир нь хэлний бэлтгэл англи хэлээр явагдана. 

-Цар тахлын улмаас хилийн чанадад суралцдаг оюутнуудад ямар хүндрэл гарч байна вэ?

-Дэлхий нийтийн нөхцөл байдал ижил байгаа ч хийгдсэн гэрээ, санамж бичиг хүчин төгөлдөр тул тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг явуулж байгаа.

Гэвч цар тахлын улмаас суралцах байдал өөрчлөгдсөн. Улсдаа суралцуулах, цахимаар сургах зэрэг хувилбартай байгаа. Харин зарим улс нөхцөл байдлаасаа шалтгаалан түр хугацаанд оюутан суралцуулах боломжгүйгээ илэрхийлсэн. Энэ нь цар тахлын эсрэг тухайн улсын хэрэгжүүлж буй арга хэмжээтэй уялдаж гарсан шийдвэр учир бид түүнийг нь хүндэтгэнэ. 

Унгарт суралцахаар тодорхой тооны оюутан очсон. ОХУ-ын тухайд Москва, Санкт Петербургэд цахимаар суралцуулж байгаа бол бусад муж, хотод нь цахим сургалт байхгүй тул тэдгээр суралцагчид семестрийн, жилийн чөлөө авахаас өөр аргагүйд хүрсэн. 

Хятадад үлдсэн хүүхдүүд тэндээ суралцаж байна. Харин эх орондоо ирсэн оюутнууд хил хаалттай, БНХАУ-д очих боломжгүй тул зайнаас суралцаж байгаа юм. 

-Энэ жил тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрхэн үргэлжлэх вэ?

-Вакцин гарч, олон улсад дархлаажуулалт хийгдэж байгаа учир нөхцөл байдал сайжрах байх гэж үзэж байна. Гэвч зайны сургалт үргэлжлэх эсэх тухайд одоогоор тодорхой зүйл хэлэх боломжгүй. Тухайн улсаас шалтгаалан аль алийг нь хослуулаад явах болов уу.

-Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутнууд хэр их байна вэ?

-Өрсөлдөх хүүхдийн тоо нь тухайн үеэсээ хамаардаг. Унгар улсын хөтөлбөрт өнгөрсөн жил 800 гаруй хүүхэд өрсөлдсөн бол энэ жил 500 гаруй хүүхэд өрсөлдлөө. Энэ нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан. Бодит байдлыг харвал жил ирэх тусам тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах хүсэлтэй хүүхдийн тоо ихсэж байгаа бөгөөд хэлний чадвар нь ч сайжирч байна. Түүнчлэн гадаад улсын "нөү-хау"-г эх орондоо авчирч, нутагшуулахыг хичээх болсон.

-Квотын тоог нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Квот нэмэх нь гэрээ хэлэлцээр, санамж бичгийн хүрээнд явагддаг. Уг асуудлаар ОХУ-тай хэлэлцэж тохирсноор энэ жилээс 550 оюутныг тус улсад тэтгэлгээр суралцуулахаар болсон. 

-Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүст зөвлөмж өгнө үү?

-Сонгон шалгаруулалт хийхдээ эхлээд материалуудыг шалгадаг. Хүүхдүүд цагийг нь тулгаж бүртгүүлснээс материал нь дутах үед нэг материалаа олон дахин оруулсан байдаг нь  "шаардлага хангаагүй" гэж үнэлэхэд хүргэдэг. Мөн системээр бөглөхдөө цэг, таслал, зай авснаас программд уншигдахгүй алдаа заах тохиолдол гарна.

Ярилцлагын шатанд гардаг дутагдлаас жишээлбэл материалдаа англи хэлээ дээд түвшнийх гэсэн байдаг ч хэлний мэдлэггүй байдаг. Иймд хэлээ сайн сайжруулах хэрэгтэй. 

Түүнчлэн эссэ бичихдээ зорилго, зорилтоо тодорхойлоогүй байх нь элбэг. Сургууль, мэргэжлээ сайн судлаагүйн зэрэгцээ тэрхүү мэргэжлээрээ суралцсанаар өөрт нь болон Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ гэдгийг эссэндээ оруулдаггүй. Эдгээр нь бүгд оноогоор тооцогдож, жагсаадаг тул үүнд анхаарах нь зөв. 

Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь тухайн зарлагдсан мэргэжил болон Монгол Улсын тэргүүлэх мэргэжлээр элсүүлдэг. Тийм байтал санхүү, эдийн засгаар суралцах хүсэлтэй байна гэдэг. Гэрээ хэлэлцээрийн хүрээнд явагддаг учир мэргэжил солих боломжгүй

-Тэтгэлгээр суралцсан улсдаа үлдэх магадлал хэр байна вэ?

-Магадлал бага. Зээлийн сангаар суралцсан хүүхдүүдийн ихэнх нь эх орондоо ирж, томоохон компаниудад ажилладаг. 

 

Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.