Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнх-Эрдэнэ: Сар бүр ойролцоогоор 200,000 тун Спутник V вакцин оруулж ирж байхаар төлөвлөсөн

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хүн амынхаа 60 хувийг хамруулахаар зорьж байгаа. 

Энэ зорилтын дагуу Энэтхэг улсад үйлдвэрлэсэн AstraZeneca вакцины 150,000 тун болон БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн Verocell вакцины 300,000 тунг 2021 оны хоёрдугаар сарын 22-нд хүлээн авч, маргааш нь AstraZeneca вакцинаар дархлаажуулалтыг эхлүүлсэн билээ. 

Түүнчлэн ОХУ-д бүтээсэн Спутник V вакцины 10,000 тунг хоёрдугаар сарын 27-нд татан авсан юм. Уг вакцины дараагийн тунг хэзээ татан авах болон нийт хэдэн тунг авахаар төлөвлөж байгааг "Монгол эм импэкс" концерноос тодрууллаа. Тус концерн нь Спутник V-г албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад оруулж ирж байгаа юм. 

"Монгол эм импэкс" концерны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Б.Мөнх-Эрдэнэ "Энэ сарын эхээр дараагийн ээлжийн вакциныг татан авна. Цаашид сар бүр ойролцоогоор 200,000 тун Спутник V вакцин оруулж ирж байхаар төлөвлөж байна" гэлээ. 

Анагаах ухааны нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг болох “Lancet”-д уг вакциныг 91.6%-ийн үр дүнтэй байгааг мэдээлжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Спутник V ба Verocell вакциныг судалж буй бөгөөд ойрын хугацаанд зөвшөөрөл олгохыг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица хэлж байв. Зөвшөөрөл нь олгогдсоноор дархлаажуулалтыг цаг алдалгүй явуулахын тулд ийнхүү вакциныг татан авч байгааг албаныхан мэдээлсэн юм.