2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
19:00
S30
11°
20:00
S29
21:00
S31
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S26
03:00
S26
04:00
S26
-1°
05:00
S26
-1°
06:00
S26
-1°

Энэ онд 389 мянган га талбайд үр тариа тариална

ikon.mn
2021 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл Даваа гарагт хуралдаж, чуулганы завсарлагааны хугацаанд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан зарим байнгын хороог хуралдуулах шийдвэрийг гаргасан. Үүний дагуу өнөөдөр (2021.02.26) Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо. 

Энэ онд 389.3 мянган га-д үр тариа тариална

Манай улс өнгөрсөн онд нийтдээ 432.2 мянган тонн үр тариа, үүнээс 411.1 мянган тонн улаанбуудай, 240.7 мянган тонн төмс, 115.0 мянган тонн хүнсний ногоо, 21.3 мянган тонн тосны ургамал, 171.1 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авчээ. Харин гурил үйлдвэрлэлд 254.3 мянган тонн буудай нийлүүлэгдсэнээр хэрэгцээт улаанбуудайн 83 хувь, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 46 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлсэн байна.

Цар тахлын онцгой нөхцөл байдалтай уялдуулан хүнсний улаанбуудайнд импортын зөвшөөрөл олгож, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласнаар ОХУ-аас 156.2 мянган тонн хүнсний улаанбуудай импортлосон бөгөөд энэ нь 2021 оны ургац хураалт хүртэлх хүнсний улаанбуудай, гурилын дутагдал гаргахгүй, үнэ өсгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, “2021 онд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж, ургац хураалтын дүнгээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч, 320.2 мянган га-д уринш боловсруулж, бэлтгэх зорилт тавьж, хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа ороод байна. Улаанбуудайн үр импортлох зөвшөөрөл авсан 3 аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулах 12.0 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулсан.

Өнөөдрийн байдлаар ОХУ-аас 820 тонн улаанбуудайн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт хүлээн аваад байна. Мөн 3,380 тонн үр тээвэрлэлтийн шатандаа явж байна” хэмээн танилцуулав.

Түүнчлэн “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр төмс, хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлж, иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж, тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор 10 нэр төрлийн 147.5 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр, 50 тонн төмсний супер элит үрийг тариалалтаас өмнө нийлүүлэх ажлыг эхлүүлжээ. Энэ хөнгөлөлттэй дэмжлэгт хот, хөдөөгийн 10.5 мянган өрхийг хамруулахаар төлөвлөсөн байна.

Салбарын сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, О.Цогтгэрэл, Д.Өнөрболор, Ц.Анандбазар, Т.Энхтүвшин, Ц.Цэрэнпунцаг, Т.Аубакир, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэллээ.

Тариалан эрхлэгчдийг дэмжих, усалгаатай тариалангийн аж ахуйг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлж байгаа ажлын талаарх гишүүдийн асуултад, “10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүний хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлүүлсэн. Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг эхлүүлсэн. Энэ төслийн хүрээнд 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй трактор 100 ширхэг, ногооны үрлэгч, хураагч комбайн, копатель, хөрс боловсруулах техник, ургамал хамгааллын бодис цацах тоног төхөөрөмж зэрэг нийтдээ 600 гаруй төрлийн техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Мөн ОХУ-аас үр тарианы зориулалттай өндөр хүчин чадлын техник нийлүүлэх, Бүгд Найрамдах Беларусь Улсаас малын тэжээл бэлтгэх, төмс, хүнсний ногооны зориулалттай техник, тоног төхөөрөмж авахаар ажиллаж байна. Салбарын яамнаас стандартын шаардлагад нийцэх агуулахын тоог нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжийг сайжруулахад чиглэн ажиллаж байгаа” гэж хариулав.

Харин малын тэжээл тариалалтыг хэрхэн дэмжих талаарх асуултад салбарын сайд хариулахдаа, “Одоогоор нийт 1.0 сая га-д тариалалт эрхлэх боломжтойгоос 880 мянган га-г эдийн засгийн эргэлтэд оруулж байна.

Одоогийн байдлаар 62 мянган га-д тэжээлийн таримал тарьж байгаа. Цаашид 100 орчим мянган га-гаар нэмэгдүүлнэ. Төв, хангай болон баруун, зүүн бүсэд тэжээлийн 4 үйлдвэр байгуулах асуудал яриа хэлэлцээрийн түвшинд явж байна. Салбарын яамнаас хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажилладаг. Ажлын байрыг нэмэгдүүлэх, тариалалтыг дэмжихэд Зээлийн батлан даалтын сангаас дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдэж байгаа” гэлээ.

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 767 иргэн, аж ахуй нэгжид 22.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно

Улсын Их Хурлаас 2019 онд  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Газар тариалан, мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Засгийн газрын 2020 оны 01 дүгээр 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих санг ХХААХҮЯ-ны харьяанд тухайн үеийн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгэн байгуулсан.

Тус сан нь 2021 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд улаанбуудайн урамшуулалд 2020 оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн 767 аж ахуйн нэгж, иргэний 254.3 мянган тонн хүнсний улаанбуудайд 22.5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох аж. Дотоодын ургацаас 8 соортын 5.6 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн байна. Энэ оны хаврын тариалалтаар хэрэглэгдэх 1.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ургамал хамгааллын бодис, бордоог иргэн, аж ахуй нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор төлөвлөжээ. Ингэхдээ 30-50 хувийг урьдчилгаа авч, үлдэх төлбөрийг тухайн жилийн намрын ургацаас барагдуулах нөхцөлтэй олгох аж. Мөн 2020 оны ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих санд өр авлага болон худалдан авалтаар нөөцөлсөн 23096.8 мянган тонн хүнсний улаанбуудайг худалдан борлуулах ажлыг хийж байна. Одоогоор тус санд ОХУ-аас нийлүүлэгдсэн 12 нэр төрлийн 103 ширхэг тоног төхөөрөмжийн үлдэгдэл байгаагаас энэ оны хаврын тариалалтын хугацаанд 40-45 хувь борлуулах төлөвлөгөөг гаргасныг салбарын сайд танилцууллаа.

ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтөөс 2021 онд 34.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэв

Тэрбээр үргэлжлүүлэн жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулга хийлээ. Засгийн газрын 2020 оны 49 дүгээр тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулагдаж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулган холбогдох албан хаагчдыг чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлж үйл ажиллагааг нь эхлүүлсэн.

Өнгөрөгч онд Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын хүрээнд ХХААХҮ-ийн сайдын 2020 оны А131 дүгээр тушаалаар “Зээлийн ерөнхий нөхцөл”-ийг батлан хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах, шалгаруулах арга хэмжээг зохион байгуулсан. Арга хэмжээний хүрээнд нийт 1579 төсөл 238.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг ЖДҮГ-т цахим хэлбэрээр, орон нутагт цаасан хэлбэрээр авчээ. Салбарын сайдын багцалсан 3 зээлийн багцын хүрээнд сангаас шууд олгох хэлбэрээр 249 төсөлд 22.8 тэрбум төгрөг, банкаар дамжуулан “Жайка II үе шаттай төсөл”-ийн зээлийн 6 төсөлд 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Үүний үр дүнд 5 жилийн хугацаанд дээрх аж ахуйн нэгжүүдэд шинээр 1497 ажлын байр бий болж, 811 ажлын байр хадгалагдаж үлдэх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлд 6.4 тэрбум, орлогын албан татварт 1.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх юм байна.

Харин зээлийн эргэн төлөлтийн тухайд 2020 онд ЖДҮХС-д 33.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, үүнээс Хөгжлийн банкны бондын төлбөрт 3.5 тэрбум төгрөгийг, Засгийн газрын бондын төлбөрт 6.2 тэрбум төгрөгийг, бусад төлбөрт 1.0 тэрбум төгрөгийг төлжээ. 2019 онд төлбөрийн зөрчилтэй зээлдэгчийн зээлээс 6.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бол 2020 онд аян зохион байгуулсны үр дүнд 14.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ЖДҮХС-аас шууд 911 иргэн, аж ахуйн нэгжээс 191.7 тэрбум төгрөгийн, арилжааны 5 банкаар дамжуулан олгосон 358 иргэн, аж ахуйн нэгжээс  69.3 тэрбум төгрөг буюу нийт 1,269 иргэн, аж ахуйн нэгжээс 261.0 тэрбум төгрөгийн авлагатай. Үүний 42.7 тэрбум төгрөг нь Капитал банкны авлага аж.

Хөрөнгийн эх үүсвэрийн хувьд 2009-2020 онд нийт 688.3 тэрбум төгрөгийг бүрдүүлжээ. Улсын хэмжээнд 2009-2020 онд 8,235 төсөлд 991.8 тэрбум төгрөгийн зээл олгосноор шинээр 51,145 ажлын байр бий болж, 37,149 ажлын байрыг хадгалсан байна. ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтөөс 2021 онд 34.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, Засгийн газрын бондын 41.3 тэрбум төгрөгийн төлбөрийг төлөх бөгөөд -6.7 тэрбум төгрөгийн хасах баланстай гарахаар байгааг З.Мэндсайхан сайд танилцуулгадаа онцлов.

Энэ онд Жижиг, дунд үйлдвэрийн газраас салбарын эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах, ЖДҮХС-гийн эргэн төлөлтийг нэмэгдүүлж, эх үүсвэрийг татах төвлөрүүлэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих санхүүжилтийн бүтцийг бий болгох, хамтарсан, хоршсон хөрөнгө оруулалт, инкубац, кластер, гарааны бизнесийг дэмжих чиглэлд ажиллахаар төлөвлөжээ.

Салбарын сайдын танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Ингээд хуралдааны төгсгөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн 90 хувийн саналаар дэмжиж баталлаа. Тогтоолд дотоодын төмс, хүнсний ногооны тариалалтыг 15 хувиар нэмэгдүүлж, нийт хэрэгцээний 60 хувийг хангах, стратегийн хүнсний түүхий эд болох улаанбуудай тариалах талбайн хэмжээг өмнөх оныхоос нэмэгдүүлэхийн тулд чанартай үрээр хангахад анхаарах, хаврын тариалалт болон үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдлагад салбарын мэргэжилтнүүдийг томилох зэрэг асуудлыг тусгалаа. Уг тогтоолын биелэлтийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд 2021 оны 4 дүгээр сарын1-ний дотор танилцуулна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

x