Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Эцэг эхчүүд танхимын хичээлийг эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхдүүдийг эрсдэлд орно хэмээн үзэж танхимын хичээлийг гуравдугаар 1-нээс эхлүүлэх саналыг хойшлуулснаа Шадар сайд С.Амарсайхан өчигдөр мэдээлсэн.

iKon.mn энэ талаар эцэг, эхчүүд ямар байр суурьтай байгааг тандах зорилгоор Шадар сайдын саналыг дэмжиж байгаа эсэхийг санал асуухад оролцогчдын 55.6 хувь нь "Дэмжихгүй" гэж хариулав. Уг санал асуулгад 12,305 хүн оролцсоны олонх нь ийнхүү танхимын хичээлийг эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Санал асуулга

Шинэ Засгийг удирдаж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндээ ч хамгаалж, эдийн засгаа ч өөд нь татах хэрэгтэй байгаа тул хатуу хөл хорионы энэ үед өрх бүрээс шинжилгээ авсны дараа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 23-наас үе шаттайгаар нээхээр төлөвлөснөө мэдээлж, ирэх гурван жилд 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарласан. 

Гэвч эрх баригчдын бодлого шийдвэр уялдаагүй хэвээр байгаа нь эндээс харагдсаар байна. 

Кино театр, саун, амралтын газрыг хүртэл нээх гэж байж танхимын сургалтыг ийнхүү хойшлуулж байгаа нь саунд сууж, амралтад очиход COVID-19-ийн халдвар авахгүй ч хүүхдүүд танхимдаа хичээллэвэл халдвар авна гэсэн логикийг илтгэж байгаа юм. Ийнхүү Монгол Улс сүүлийн нэг жилийн хугацаанд боловсролын салбартаа ихээхэн хохирол учруулаад байна. 

Сургуулиудын үйл ажиллагааг хаасан нь сурагчдын насан туршдаа олж болох $10 их наядын орлогод нөлөөлнө 

Цар тахлын цаана сургуулиудын үйл ажиллагааг таван сар хааснаар сурагчдын насан туршдаа олж болох $10 их наядын орлогод нөлөөлнө гэсэн тооцоог өнгөрсөн жил "The Economist" гаргасан. Дотооддоо COVID-19-ийн халдвар алдаагүй улс орнуудыг сургуулиудаа хяналт, дэглэмийн дор нээхийг НҮБ-ын ЕНБ-ийн дарга уриалсан. Харамсалтай нь Монгол Улс 2020 онд дотоодын халдвар нэг ч гараагүй атал боловсролын байгууллагынхаа үйл ажиллагааг найман сурын турш бүрэн хаасан. Энэ оны тухайд мөн бүтэн нэг улирал хүүхдүүд теле хичээл "үзэн" гэртээ сууж буй. Теле хичээлийг нь хийлгэх гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн мөн гэртээ үлдэж байгаа. 

БШУЯ-ны мэдээлж буйгаар тандалтын судалгаагаар сурагчдын 53 орчим хувь нь теле хичээлийг тогтмол үзэж чадаагүй байна. Боловсролын үнэлгээний төвийн судалгаагаар теле хичээлийн үр өгөөжийг эцэг, эхчүүдийн 66 орчим хувь нь дундаж болон хангалтгүй гэж үнэлжээ. 

Нийслэлийн Онцгой комиссын мэдээлснээр 23-ныг дуустал "Нэг өрх-Нэг шинжилгээ"г авч дуусгана гэж буй. Ингэснээр халдварын тархалтыг хяналтандаа оруулж, дархлаажуулах ажлын суурь тавигдана хэмээн өдөр бүрийн ЭМЯ-ны мэдээллээр сануулсаар байгаа. Харин эцэг, эхчүүд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад танхимын хичээлийг эхлүүлэх хүсэлтэй байгаа нь санал асуулгаар харагдаж байна. 

Ташрамд дурдахад, орон нутгуудад COVID-19 халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй 58-80 хонож байна.  

 

Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг танхимын хичээлийн  талаар  "Нөхцөл байдал намжвал, хичээл сургуулийг аль болох танхимаар хичээллүүлнэ. Хүүхдүүд хохирч байгаа асуудалд Засгийн газар, Улсын онцгой комисс санаа зовж байна. Гол асуудал нь Улаанбаатар хотод идэвхтэй 120 гаруй голомт байна.

Ийм нөхцөлд Улаанбаатар хотод танхимаар хичээллүүлэх нь эрсдэлтэй гэдэг байр суурьтай байгаа. Орон нутагт буюу ногоон бүс болсон газарт аль болох танхимаар хичээллүүлэхээр хоёр шатлалтайгаар Засгийн газар, УОК яриа хэлэлцэл хийж байна " гэдгийг хэллээ.