Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт нэгдүгээр сард 2.4% болж буурав

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний индекс энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 2.4% болж, өмнөх оны мөн үеэс 3.2 пунктээр буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Ийнхүү үнийн өсөлт 2.4% болж буурсны 2.2 нэгж буюу 91.7 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс хамаарч байгаа бол 37.5 хувь нь импортын барааны үнийн өсөлттэй холбоотой байна.  

График. Инфляцын түвшнийг оноор харвал (нэгдүгээр сар)

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг.

Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байгаа аж. 

Улаанбаатар хотод инфляц өмнөх оны мөн үеэс 1.3%-аар өсөв

Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляц энэ оны нэгдүгээр сард өмнөх сараас 0.7% өмнөх оны мөн үеэс 1.3%-аар өсжээ. 

Тодруулбал, өмнөх оны мөн үеэс 1.3-аар өсөхөд,

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 7.3 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 4.9 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 1.8 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 5.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн. Гэсэн хэдий ч орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 11 хувь, тээврийн бүлгийн үнэ 4.2 хувиар буурсан байна.

ҮСХ-ноос хийсэн судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 18 нэрийн барааны үнэ нэмэгдсэн байжээ. 

Инфляцыг өсөлтийн хурдаар нь:

  • Дефляци: <0%
  • Мөлхөө: <3%
  • Аядуу: 3%-10%
  • Цогио: >10%
  • Гиперинфляц: >50% (сард!) гэж ангилна.