Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

О.Дашпагма: COVID-19-ийн эсрэг вакциныг 3-4 долоо хоногийн зайтай хоёр удаа хийснээр дархлаа бүрэн тогтоно

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХӨСҮТ-д ажиллаж, вакцинжуулалтын бэлтгэл ажилтай танилцлаа.

Энэ үеэрээ коронавирусийн эсрэг вакциныг хэдэн тун хийлгэснээр дархлаа тогтох талаар мэргэжилтнүүдээс тодруулав.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Улс орнуудад COVID-19-ийн эсрэг вакцин ихэнхдээ хоёр тун хийгдэж байна. Хоёр удаа вакцин хийлгэж байж дархлаа бүрэн тогтоно. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хийх товлол гарч байгаа. 

Уламжлалт вакцинууд ч мөн 2-3 удаагийн тунг хугацаанд нь хийлгэж байж дархлаа бүрэн тогтдог" гэлээ. Түүнчлэн цар тахлын эсрэг шинээр бүтээгдсэн вакцинууд хэр хугацаанд дархлаа тогтоох тухай тэрбээр хариулахдаа "Богино хугацаанд, шинээр бүтээж байгаа тул бусад вакцин шиг тав, 10 жил эсвэл насан туршид дархлаа тогтооно гэж хэлэх боломжгүй. Ихэнх судалгааны материалд бичсэнээр зургаа ба түүнээс дээш сар дархлаа тогтооно, гэхдээ судлагдаж байгаа тул энэ хугацаа уртсах магадлалтай гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, COVID-19-ийн эсрэг вакцинууд ихэнхдээ зургаа ба түүнээс дээш сарын хугацаанд дархлаа тогтоож байна. 

Вакцины онцлогуудаас дурдвал нэгдүгээрт, хувь хүний дархлаатай ихээхэн холбоотой. Хоёрдугаарт, вакциныг заасан хугацаанд хийлгэх нь дархлаа тогтоох чанар их нөлөөлнө. Гуравдугаарт, хадгалалт, тээвэрлэлт горимын дагуу зөв явагдсанаар тухайн хүнд дархлаа тогтоох боломжтой" гэсэн юм.

Мэдээллийн дараагаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр түүнээс асуулт асууж, хариулт авлаа.

-Хүн амын 60 хувийг вакцин хамруулна гэх тооцооллыг юунд тулгуурлаж хийсэн бэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тухайн улс орон хүн амынхаа 60-70 хувийг дархлаажуулснаар цар тахлыг даван туулах буюу өвчлөлийг хяналтдаа авна гэж зөвлөсөн. Улс орнууд энэ зорилтын төлөө явж байгаа.

-Вакцинд хамруулах насыг 18-аас дээш гэж тогтоосон учрыг тайлбарлана уу?

-Манай улсын нийт хүн амын 63 хувийг 18-аас дээш насныхан эзэлдэг. Энэ насныхан вакцин 95 хувь хамрагдлаа гэхэд нийт хүн амын 60 хувийг вакцинжуулна чадна гэж үзсэн. Вакцинууд өөрийн гэсэн заавартай. Зааврын дагуу эсрэг заалт гэж бий. Эсрэг заалттайгаар холбоотойгоор вакцинжуулна гэж тооцсон 63 хувийнхаа 95 хувьд вакцин хийх нь нийт хүн амын 60 хувь болно гэсэн үг.

-Вакцинд хамрагдахгүй бол яах вэ?

-Халдварт өвчнөөс өвөрмөцөөр сэргийлэх ганц арга нь вакцин. Хувийн ариун цэврийн дэглэмээ сахиж, хамгаалж байгаа хэдий ч хамгаалтын цор ганц өвөрмөц арга нь вакцин тул товлолын дагуу бүрэн хамрагдсанаар өвчнөөс сэргийлэх боломжтой.