Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Jaguar брэндийн автомашинууд 2025 оноос эхлэн зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй үйлдвэрлэгдэнэ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Их Британийн автомашин үйлдвэрлэгч Jaguar Land Rover (JLR) компани 2025 оноос эхлэн Jaguar брэндийн загварууд нь бүгд цахилгаан хөдөлгүүртэй болох төлөвлөгөөг зарлажээ.

Үүнээс гадна Land Rover брэндийн анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй загвар нь 2024 онд зах зээлд нийлүүлэгдэхээр болсон байна.

JLR компани дотоод шаталтын хөдөлгүүрээс цахилгаан хөдөлгүүрт шилжих үйл явцаа жил бүр $3.5 тэрбумаар санхүүжүүлэхээр болжээ.

Ийм зоригтой шинэчлэл хийхэд нь хүлэмжийн хийг бууруулах Британийн засгийн газрын зорилт түлхэц болсон юм. Өнгөрсөн онд тус компани бүтээгдэхүүнүүдийхээ хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах даалгавраа биелүүлээгүйн улмаас Европын Холбоонд $48.7 сая орчмын торгууль төлсөн байна.

Хэрвээ төлөвлөгөө нь амжилттай хэрэгжвэл 2030 он гэхэд JLR компанийн Jaguar брэндийн бүх бүтээгдэхүүн бүрэн цахилгаанжиж, Land Rover брэндийн бүтээгдэхүүнүүдийнх нь 60 хувь цахилгаан хөдөлгүүрт шилжих юм.

2030 оноос эхлэн Их Британи улсад дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг хориглох ажээ. Тиймээс цахилгаан бус хөдөлгүүртэй загварууд нь зөвхөн гадаад зах зээлд борлуулагдах юм.

2039 онд JLR бүх бүтээгдэхүүнээ цахилгаан хөдөлгүүрт шилжүүлэхээр төлөвлөжээ.

Их Британиас гадна Норвеги улс 2025 онд, Франц улс 2040 онд, АНУ-ын Калифорни муж 2035 онд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины худалдааг бүрэн хориглохоо зарлаад байна.

 

Эх сурвалж: The Verge