Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвшөөрөгдсөн байгууллагын 26,000 гаруй ажилчин байнгын цэгүүдэд очиж, шинжилгээ өгч байж хөдөлгөөнд оролцоно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-PCR шинжилгээний хариуг үзүүлж байж замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн алба хаагчид тавьж байна. Өрхийнх нь нэг хүний шинжилгээний хариу гарсан ч зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтан өөрөө шинжилгээ өгөөгүй бол замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэсэн үг үү. Үүнд ямар зохицуулалт хийж байгаа вэ?

С.Энхболд: -Энэ асуудал Шадар сайдын түр журмаар зохицуулагдана. Хөл хорионы энэ үед ажиллах тухайн албан байгууллагын зөвхөн 15 орчим хувийг хөдөлгөөнд хамруул гэх саналаа өгсөн. Уг саналын хүрээнд зохицуулалт хийгдэх ёстой.

-PCR шинжилгээний хариу 72 цагийн хугацаанд хүчинтэй. Тэгвэл ажилдаа явж байгаа хүмүүс хөл хорионы хугацаанд хэд хэдэн удаа шинжилгээ өгөх шаардлага тулгарч байна. Тэдгээр хүмүүс хаана очиж шинжилгээ өгөх вэ?

С.Энхболд: -Шинжилгээний хариу гурав хоногийн хугацаанд л хүчинтэй. Нийслэлийн хэмжээнд 17 байнгын цэг ажиллаж байна. Тухайн цэгүүдэд хүнс түгээлт болон нийтийн үйлчилгээнд хөл хорионы үеэр ажиллах 26,000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулах зорилгоор ажиллуулж байгаа юм.

Дүүргүүдийн хүн амаас шалтгаалж дүүрэг бүрд байрлах байнгын цэгүүдийн тоо харилцан адилгүй. Тухайлбал, БЗД-т таван байнгын цэг ажиллаж байна.

Тиймээс зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчид дүүргүүдэд байрлах байнгын цэгүүдэд шинжилгээ өгөх ёстой.

А.Амбасэлмаа: -PCR шинжилгээний хариу 72 цагийн хугацаанд хүчинтэй байгаа нь коронавирусийн нууц үеийн хугацаатайгаа холбоотой.

Эхний удаад нууц үеийн хугацаандаа шинжилгээний хариу сөрөг гарсан ч 72 цагийн дараа дахин шинжилгээ өгөхөд эерэг гарах магадлал бий.

Нийслэлийн хэмжээнд халдвар илрүүлэх том арга хэмжээ зохион байгуулж байгаа энэ үед шинжилгээний хариугүй хүний хөдөлгөөнд оролцуулах нь сөрөг нөлөөтэй.

Тиймээс нэг өрхөөс хувийн ажлаар гарах хүмүүс дотроо хувийн зохион байгуулалтаа хийгээд шинжилгээ өгсөн хүн нь гарахаар зохицуулж явах ёстой. Халдвараас сэргийлэхийн тулд л хүн бүрээс PCR шинжилгээний хариуг хугацаатай нь шаардаж байгаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/237073298009749

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.