Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

УОК, НОК хөл хорионы үеэр хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын төлөвлөлтөө нэгтгэж чадаагүй нь нотлогдов

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн шинэчлэгдэн хуралдаж, хамгийн эхэнд гаргасан томоохон шийдвэр нь Цагаан сарын баяраар хөл хорио тогтоох болон коронавирусийн халдварыг хумих арга хэмжээг зохион байгуулах талаар байв. 

2021 оны хоёрдугаар сарын 3-нд болсон УОК-ын хурлаас нийслэлд хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл хугацаанд хөл хорио тогтоох шийдвэр гарсан. 12 хоногийн хөл хориог тогтоох хугацаандаа коронавирусийн халдварыг хумих чиглэлээр 420 мянган өрхийн тус бүр нэг гишүүнээс шинжилгээ авч өргөжүүлсэн тандалт хийхээр шийдвэрлэснээ зарлав. Гэсэн ч түүнээс хойших долоо хоногийн хугацаанд буюу өнөөдрийг хүртэл УОК болон НОК шийдвэрүүдээ хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөгөө яг таг гаргаж, хоорондоо ойлголцож, уялдаж чадаагүй нь хөл хорио тогтоосон эхний өдрөөс ил болов.

Хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож болох уу?

Өнөө өглөөнөөс хол хорио эхэлж байгаа ч үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн 14 чиглэлийн байгууллагуудын ажилтнууд хэрхэн, ямар тээврийн хэрэгслээр ажилдаа ирж очих нь тодорхойгүй хэвээр. Тодруулбал УОК-оос

  • хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа,
  • мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт,
  • газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт,
  • банкны цахим болон автомат тооцооны машин,
  • хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж,
  • зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллагын ажилтнуудыг хувийн тээврийн хэрэгслээрээ зорчиж болно гэсэн ч Тээврийн цагдаагийн албанаас хувийн тээврийн хэрэгсэлтэй иргэдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх чиглэл барьж байна. 

 Өчигдөр УОК-оос мэдээлэл хийх үеэр үүнийг тодорхой хэлж өгөхийг хүссэн сэтгүүлчдийн асуултад албаныхан хоёр цаг орчим тойрч, ээрч, будлиулсны эцэст ажлын үнэмлэх, ажлын газрын тодорхойлолтоо үзүүлээд хувийн тээврийн хэрэгслээрээ хөдөлгөөнд оролцож болно гэх хариулт өгсөн. Тэгвэл өнөөдөр өглөө Тээврийн цагдаагийн алба хаагчид "Хувийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцуулахгүй" гэх чиглэл авсан тул иргэдийг машинаа тавиад алхаж явахыг зөвлөж байв.

ТЦА-наас замын хөдөлгөөний нөхцөл байдлыг танилцуулж мэдээлэл хийх үеэрээ "Хөдөлгөөнд эрүүл мэндийн байгууллага, тохижилт үйлчилгээний компанийн болон хүнсний түгээлтийн зэрэг зориулалтын тээврийн хэрэгслүүд оролцож байгаа. Түүнчлэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний сорьц тээвэрлэх авто машинуудыг тусгай тэмдэглэгээтэйгээр хөдөлгөөнд оролцуулж байна.

Хөдөлгөөнд ихэвчлэн тусгай албаны болон зориулалтын тээврийн хэрэгслүүд оролцож байгаа" хэмээн мэдээлсэн.

УОК-ын мэдээллээр зөвшөөрөгдсөн бусад чиглэлүүдийг ТЦА замын хөдөлгөөнд оролцуулаагүй. Энд нэг жишээ хэлье. Өдөр бүрийн 11:00 цагт болдог ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын шууд дамжуулалт дээр ажилладаг ажилтныг хувийн автомашинтай нь замын хөдөлгөөнд оролцуулаагүй гэдгийг эх сурвалж хэлсэн. Ийнхүү шийдвэр гаргагчдын уялдаагүй байдлаас үүдэн тус хурал анх удаа нэг цагаар хойшлов.   

Түүнчлэн нийтийн тээврээр үйлчлүүлэхээр гэрээсээ гарсан иргэд 30 минутаас 1 цагийн турш автобус хүлээгээд, ирсэн автобусанд нь чихэлдэж суугаад зорчиж байгаа талаар мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хөвөрч байна. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 14 чиглэлийн байгууллагын хэчнээн ажилтан эдгээр өдрүүдэд нийтийн тээврээр зорчих талаар тооцоолол УОК, НОК-т байгаа юу?...

Хэний мэдээлэлд итгэх вэ, УОК уу, НОК уу?

Эргэлзээ төрүүлж, иргэдийг бухимдуулсан бас нэгэн асуудал нь өнөөдрөөс хүнсний дэлгүүрүүд ажиллах эсэх тухай байв. 

Хөл хорио тогтоох шийдвэр гарсны дараа

  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүдэд чиглэл өгч, хоёрдугаар сарын 11-16-ны өдрүүдэд хүнсний дэлгүүрүүд ажиллуулахгүй гэсэн юм.
  • Уг мэдээллийг УОК-оос дараа өдөр нь няцааж, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана гэдгийг мэдээлсэн.
  • Өчигдөр мөн Ерөнхий сайд мэдээлэл хийх үеэрээ олон сувгаар дур мэдэн мэдээлэл хийж, иргэдийг төөрөгдүүлж байгааг шүүмжилсэн.

Гэсэн ч иргэдийн дунд эргэлзээ байсаар байгааг олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс харж болохоор байна. 

Үүний өмнө мөн УОК-оос Сар шинийн барилдаан зохион байгуулахгүй талаар Шадар сайд хэлсэн ч МҮБХ сар шинийн барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулахаар хотоос гарах зөвшөөрлийг НОК-оос хүсэв. Ингээд НОК зөвшөөрсөн тул сар шинийн барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулах болсон талаар мэдээллүүд гарах болсон. Гурван өдөр үргэлжилсэн эдгээр мэдээлэлд хоёрдугаар сарын 5-ны өдөр дахин Шадар сайд тайлбар өгснөөр бөхийн барилдаан болохгүй гэх эцсийн шийдвэр тодорхой болсон юм. 

Иргэд шинжилгээ авах цэгт очих уу, эсвэл явуулын баг ирж шинжилгээ авахыг гэртээ хүлээх үү?

"Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд нийслэлийн 420 мянган өрхийн гишүүн бүрээс шинжилгээ авахаар төлөвлөсөн бөгөөд үүнд 10 тэрбум төгрөг зарцуулах тооцоотой байгааг мэдээлсэн. Зохион байгуулалтын ажлын явцын талаарх мэдээллийг НОК-оос тогтмол өгч, Хотын даргын ажил хэрэгч хурлуудыг хэдэн өдөр шууд дамжуулж хүргэсэн ч яг тодорхой мэдээлэл өгөлгүй өнөөдрийг хүрээд байна. 

Шинжилгээгээр коронавирусийн халдвартай 500-1,000 иргэнийг илрүүлэх тооцоолол хийсэн бөгөөд хариу зөрүүтэй гарахаас сэргийлж хөндлөнгөөс хянах тогтолцоог бүрдүүлж байгаа талаар мөн албаныхан мэдээлсэн. 

Иргэдийн гэрт явуулын баг очиж шинжилгээ авах уу, эсвэл иргэд очиж өгөх үү гэдэг нь тодорхойгүй байсаар хөл хорионы эхний өдөр буюу өнөөдөр л УОК-оос шинжилгээ авах цэгүүдийн байршлыг зарлав. Гэхдээ иргэд очиж өгөх үү, гэртээ явуулын багийг хүлээх үү гэдэг асуултын хариулт тодорхойгүй хэвээр байна. 

Энэ талаар тодруулахаар УОК-ын лавлах 1800-0115 дугаар руу залгахад "Таны залгасан дугаар буруу байна" гэх хариулт өгч байв.

 

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Засгийн газраас мэдээлэл хийх үеэр, гарсан шийдвэр гүйцэтгэх шатанд өөрчлөгддөг, зөрүүтэй шийдвэр гардаг байдлыг хянах ажлын хэсэг бий болсон бөгөөд цаашид иргэдийг төөрөгдүүлэх зүйл байхгүй болох тухай онцолсон. Гэвч байдал өөрчлөгдсөнгүй.

Хөл хорионы үеэр баримтлах дэглэм нь тодорхойгүй, хийх гээд байгаа гол ажил нь буюу шинжилгээ авах үйл явц мөн тодорхойгүй энэ нөхцөл байдлаас харахад УОК, НОК-т 12 хоногийн хугацаанд хэрхэн ажиллах талаар тодорхой төлөвлөлт байгаа эсэх нь эргэлзээтэй. Мөн УОК, НОК хоёр зөрүүтэй мэдээлэл өгдөг. Тэдний гаргасан шийдвэр гүйцэтгэлийн шатанд хэрэгждэггүй байдал үргэлжилсээр байна. 

Дотоодод коронавирусийн халдвар гарснаас хойш нийслэлд 3 дахь удаагаа ийнхүү бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хориог тогтоож байгаа ч ойлгомжгүй, иргэдийн бухимдуулсан нөхцөл байдал давтагдсаар.