Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутолгойн асуудлаар Засгийн газарт хяналт тавих Ажлын хэсгийг УИХ-аас байгууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг байгуулах асуудлаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийн гишүүн Т.Аюурсайхан “Оюутолгойн гэрээ, үүнийг дагасан хоёр төлөвлөгөө байгаа. Нэг нь Дубайн гэрээ гэж нэрлэгддэг. Эдгээр нь Монгол Улсын эрх ашгийг хангаж чадахгүй байна гэдэг дээр бид санал нэгдэж байна.

Тиймээс УИХ арга хэмжээ авч, сайжруулах шаардлагатай байна. УИХ-ын 20 гишүүн асуудалд хяналт тавих Ажлын хэсэгт орж ажиллаж байна.

Бид Ажлын хэсгийн анхны хурлаа өнөөдөр хийгээд, ажил үүргээ хуваарилж аваад, дэд ажлын хэсгүүдээ байгууллаа.

Ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн: Оюутолгойн төсөл бол хөрөнгө оруулалтын төсөл биш зээлийн луйвар. Бид жилдээ 600-700 сая ам.долларын хүү төлж байна. Энэ нь бидний авч буй татвараас 5-6 дахин өндөр гэсэн үг.

Эцсийн дүндээ бид баялгаасаа өртэй үлдэх төсөл болчихсон учраас үүнийг өөрчлөх гэж байна.

 
mpa.mn

-Засгийн газраас нэг ажлын хэсэг байгуулагдсан. Тэр ажлын хэсэгтэй яаж хамтарч ажиллах вэ. Засгийн газар "Рио Тинто"-той хэлэлцээр хийж байгаа гэж ойлгож байгаа. Тэр хэлэлцээр ямар шатанд яваа талаар мэдээлэл авсан уу?

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -Манай Ажлын хэсэг Оюутолгойн үйл ажиллагааг шалгахгүй. Гэрээг шалгаж нягтлахгүй. Яагаад гэвэл УИХ өмнө нь шалгаад, дүгнэлт гаргасан. Одоогоор нэг жил гурван сарын өмнө УИХ-аас үндсэн гэрээнүүдийг өөрчилье, Дубайн гэрээг хуульд нийцүүлж, Монгол Улсад ашигтай болгоё гэдэг үүрэг чиглэлийг Засгийн газарт өгсөн. УИХ-ын 92 дугаар тогтоолын дагуу Засгийн газраас Ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа.

УИХ баталсан тогтоолдоо хяналт тавьж, хэрэгжилтийг нь хангуулах зорилгоор 20 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг байгуулсан.

Гэрээг өөрчлөх, хэлэлцээрт орох ажлыг Засгийн газар хариуцаж байгаа. Хяналт тавих ажлыг УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг хариуцна.