Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн шагналд нэр дэвшүүлэхдээ бүтээлийг туурвихад голлох үүрэгтэй оролцсон 3-5 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байхыг зөвшөөрдөг"

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Ерөнхийлөгчийн зарлигаар өвдөг, түнхний хиймэл үе, элэг, бөөр шилжүүлэх, уруул болон тагнайн төрөлхийн сэтэрхийг Монголд эмчилж буй дөрвөн багийг шагнасан билээ. 

Гэвч уг шагналд эмч нараас дутахгүй үүрэг гүйцэтгэдэг сувилагчдаас огт хүн оруулаагүй гэсэн шүүмжлэл гарсан. Иймд энэ талаар  холбогдох албаныхнаас тодрууллаа. 

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захиргаа хуулийн хэлтсийн ажилтан “Төрийн шагнал олгох дүрэм гэж байдаг. Уг дүрмийг Ерөнхийлөгчийн зарлигаар 2006 онд баталсан.

Төрийн шагнал олгох бүтээлд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эрүүл мэндийн яамаар дамждаггүй. Эмнэлгийн байгууллагаас анхан шатны албан тоотоо хүргүүлж, шинжлэх ухааны академийн холбогдох салбарын бага чуулганаас нэр дэвшүүлдэг” гэлээ.

Зөвхөн сувилагчдын нэр ороогүй асуудал биш

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн “Элэг шилжүүлэн суулгах баг гэхэд 50-60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Түүнээс 8 хүний нэр шагнал авах хүмүүсийн нэр дотор орсон.

Төрийн шагнал тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу олгогддог. Тиймээс олон жил ажилласан, мэргэжлийн ур чадвар зэргийг харгалзан шагнал олгосон. Зөвхөн сувилагчдын нэр ороогүй асуудал биш. Шагнал аваагүй залуу эмч нар, инженер техникийн болон үйлчилгээний ажилтан бий” гэсэн тайлбарыг өглөө.

Харин ЭХЭМҮТ-өөс энэ талаар тодруулахад “Тав зургаан жилийн өмнөөс нэр дэвшүүлэх ажиллагаа явдаг. Дүрэм журмынхаа дагуу хүмүүсээ нэр дэвшүүлсэн болов уу. Тодорхой мэдээлэл алга байна” гэсэн хариултыг өгсөн бол ГССҮТ-өөс “Өнөөдөр хоёр сувилагчийг шагнаж байгаа. Ээлж дараагаар шагнаж байна” гэв.

Зохиогчдын бүрэлдэхүүний тоо, оролцоог бусад оролцогчид нь зөвшөөрч баталгаажуулна

Манай улсын төрийн шагналын дүрэмд “Төрийн шагналд хамтын бүтээл нэр дэвшиж байгаа бол нэр дэвшигчдийн бүрэлдэхүүн нь уг бүтээлийг туурвихад  голлох үүрэгтэй оролцсон 3 хүртэл хүнтэй байхыг зөвшөөрнө. Зарим тохиолдолд тухайн салбарын бүтээлийн онцлогоос хамаарч бүрэлдэхүүн нь 5 хүртэл хүн байж болно. Нэр дэвшиж буй хамтын бүтээлийн зохиогчдын бүрэлдэхүүний тоо, оролцоог бусад оролцогчид нь зөвшөөрч тодорхойлон баталгаажуулсан байна” хэмээн заажээ.

Түүнчлэн төрийн шагнал олгох бүтээлийг хэрхэн нэр дэвшүүлдэг талаар “Төрийн шагналд нэр дэвшүүлэх бүтээлийн талаар төрийн ба төрийн бус анхан шатны байгууллага, иргэн санал, үндэслэл хүсэлтээ бичгээр илэрхийлж холбогдох байгууллагад хандана. Шинжлэх ухаан, техник, технологийн бүтээлийг их, дээд сургууль, эсвэл мэргэжлийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж ШУА-ийн холбогдох салбарын Бага чуулганаас сонгон шалгаруулж нэр дэвшүүлнэ” гэж дүрэмд тусгасан байна.