Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Игорь Васильевич: Зорчигчийн вагоны 62%-ийн ашиглалтын хугацаа хэтэрсэн. Замын байдал сайнгүй ч бүх хөдлөх бүрэлдэхүүнээ авч явж чадна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Богдхан төмөр замын төсөлтэй танилцаж, УБТЗ ХНН-т ажиллав.

УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич Ерөнхий сайдад төмөр замын нөхцөл байдлыг танилцууллаа. Монгол Улсын ачаа тээврийн 70 хувь, зорчигч эргэлтийн 15.6 хувь нь Улаанбаатар төмөр замаар дамждаг юм.

УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич "339.5 тэрбум төгрөгөөр Улаанбаатар төмөр замын дүрмийн сан тодорхойлогдож байна. Өнгөрсөн онд 771 тэрбум төгрөгийн нийт орлоготой, 11.3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. 

2020 онд цар тахал гарч, хүнд цаг үед үргэлжилж байгаа хэдий ч бид 144 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтдаа зарцуулсан. Сүүлийн гурван жилд ажилтнуудынхаа цалинг нэг сая гурван зуун мянган төгрөгөөс хоёр сая хүртэл өсгөж чадсан. 2020 онд 38 сая тонн ачаа тээвэрлэх захиалга авсан ч 30 сая тонн ачаа тээвэрлэж чадсан. Энэ нь түүхэндээ хамгийн их ачаа тээвэрлэсэн үзүүлэлт болж байна. Харин энэ онд 39 сая тонн ачаа тээвэрлэх захиалга авсан" гэлээ.

УБТЗ нь Засгийн газраар дамжуулан 7.9 тэрбум иений зээл авснаас 143 тэрбум төгрөг үлдэгдэлтэй

Түүнчлэн тэрбээр "Замын нөхцөл байдлын талаар танилцуулахад, 141 зүтгүүр байгаагаас 69-ийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Энэ жил зүтгүүрийн паркаа хэсэгчлэн шинэчилсэн. Хамгийн хүнд нөхцөлд байгаа нь вагоны парк. Хугацаа хэтэрсэн 1,463 вагонтой. Зорчигчийн вагоны 62 хувийнх нь ашиглалтын хугацаа хэтэрсэн. Дэд бүтэц, замын байдал маань ч сайнгүй байгаа. Цахилгаан дамжуулах шугамын 38.5 хувь нь хуучирсан. Гэхдээ энэ нь зам бүхэлдээ муу гэсэн үг биш. Бүх хөдлөх бүрэлдэхүүнээ авч явж чадна гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Төмөр замын нийт дэлгэмэл урт нь 1,805 км. Үүнээс их засварын хугацаа хэтэрсэн 316 км зам байна" гэв. 

Түүнчлэн Игорь Васильевич зайлшгүй анхааран үзэх ёстой гэж үзэж буй гурван асуудлыг хэллээ.

Нэгдүгээрт, 1990-ээд оны төгсгөлд УБТЗ нь Засгийн газраар дамжуулан 7.9 тэрбум иений зээл авсан. Өнгөрсөн хугацаанд 2.7 тэрбумыг нь төлсөн. Одоо 5.2 тэрбум иений үлдэгдэл төлбөр бий.

Ханшийн зөрүү болон торгууль нийлээд зээлийн үлдэгдлийг төгрөгт шилжүүлбэл 202 тэрбум төгрөг болоод байна. 1998 оноос хойш онцгой татварт төлсөн 73.8 тэрбум төгрөг бий. Үүнийг суутгаж өгсөнд баярлалаа. Одоо 143 тэрбум төгрөг үлдсэн. Ханшийн зөрүү их гарч байгаа, зөвхөн 2020 онд гэхэд 13.6 тэрбум төгрөг болоод байна. Орос, Монголын хамтын ажлын хэсэг байгуулагдсан. Үүний хамгийн зөв гарц нь Төмөр замын дүрмийн сангаа байгуулах хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын газар нутагт тээвэрлэлт хийж байгаа зарим тээврийн тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. 2020 онд дотоодын тээвэрт 6.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Транзитаас олсон ашгаараа энэхүү алдагдлыг нөхсөн. Зорчигч тээврийн алдагдалд 27 тэрбум байхаар тооцсон ч учирсан бодит хохирол нь 30.2 тэрбум төгрөг байна. Мөн засвар үйлчилгээ, дэд бүтцэд шаардлагатай тоног төхөөрөмжийн үнэ төлбөр тогтмол нэмэгдэж байна.

Монгол эрдэмтэдтэй хамтран дунд хугацааны тарифын бодлогыг боловсруулсан. 6.3 хувиар өсгөхөд эдийн засгийн сегментэд яаж нөлөөлөхийг эрдэмтэд тооцоолсон. Ингэснээр 2025 онд гэхэд нэвтрүүлэх чадвар 54 сая тонн болно. УБТЗ-ын ажилтны тоо 2.500-аар нэмэгдэнэ. ДНБ-ий өсөлт 4.3 их наяд болно гэж тооцоолсон.

Гуравдугаарт, Зорчигч тээврийн асуудал мөн байна. Өнөөдрийн нөхцөл байдалд билетийн үнэ өсгөх нь тохиромжгүй учир хоёр хөршид ажиллаж буй ямар систем байна, түүнийг нь нэвтрүүлсэн нь дээр гэж бодож байна гэсэн юм.

ВИДЕО: 

https://fb.watch/3xK7ThWRyR/