Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын сансрын хөлөг анх удаа Ангараг гарагийн зургийг авснаа дэлхий рүү илгээжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Ангараг гараг руу илгээсэн Хятадын Тянвэн-1 хөлөг тус гарагийн гэрэл зургийг анх удаа буулгаснаа дэлхий рүү илгээсэн байна.

Өнгөрсөн оны долдугаар сард дэлхийгээс хөөрсөн уг хөлөг хоёрдугаар сарын 10-ны орчим Ангараг гарагийн тойрог замд орох гэж байгаа юм. Улмаар энэ оны сүүлийн хагаст судалгааны станцаа Ангарагийн гадаргуу дээр буулгах зорилготой байна.

Хятадын сансар судлалын байгууллагаас өчигдөр тараасан гэрэл зурагт Ангарагийн гадаргууд оршдог тогоонууд, хад хавцлууд хонхор гүдгэрүүд тод дүрслэгджээ.

Гэрэл зургийг Ангарагаас 2.2 сая километрийн алсаас авсан гэнэ. Зураг авсан өдрөөс хойш Тянвэн-1 хөлөг гарагт улам ойртож, 1.1 сая километрийн зайд хүрээд байгаа гэнэ.

Таван тонн жинтэй Тянвэн-1 хөлөгт тойрог замын станц, газардагч станц, Ангарагийн гадаргуу дээр судалгаа хийх өөрөө явагч станц багтаж байна.

Ангараг гарагийг судлах өрсөлдөөн 1960-аад оноос эхэлж, АНУ, ОХУ, Европын орнууд, Япон, Энэтхэг улсууд олон удаа хөлгөө илгээсний ихэнх нь бүтэлгүйтсэн юм.

Тянвэн-1 хөлөг нь Хятад улсын Ангарагт хүрэх хоёр дахь оролдлого. 2011 онд хийсэн эхний оролдлого нь бүтэлтэй болоогүй юм.

Үүнээс гадна Хятад улс нь дэлхийн дагуул сар руу хоёр удаа судалгааны станц илгээсний нэг нь амжилттай газардаад ажиллаж байна.

 

Эх сурвалж: The Guardian