Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Буруу ярьдаг”-аараа алдартай Токио 2020 наадмын босс огцрохоос татгалзав

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Токио 2020 зуны олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори саяхан ярихдаа “эмэгтэйчүүд дэндүү нуршуу ярьдаг нь ажил явуулахад саад болдог” гэж хэлээд япончуудыг бухимдуулж байв.

Өчигдөр тэр хэлсэн үгнийхээ төлөө олон нийтээс уучлал гуйсан ч огцрохоос татгалзсан байна.

83 настай Мори 2000 оноос 2001 оны хооронд ганцхан жилийн хугацаанд Япон улсын ерөнхий сайдын албыг хашиж байжээ. Энэ үеэрээ тэр бас л бодлогогүй хэлсэн зүйлсийнхээ төлөө буруудаж, Японы түүхэнд хамгийн нэр хүнд муутай засгийн газрын тэргүүн болж байв.

Ерөнхий сайд болсныхоо дараа Мори “эзэн хааныг тойрон хүрээлсэн бурхдын орон” гэж Япон улсыг тодорхойлж хэлсэн нь төр, шашныг тусгаарлах үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн явдал хэмээн шүүмжлүүлсэн юм.

Сонгуулийн үеэр Мори өөрийн Либерал Ардчилсан Намд санал өгөхгүй “гуйвамтгай” хүмүүсийг санал хураалтын өдрийг унтаж өнгөрөөвөл таарна гэж хэлсэн нь мөн маргаан дэгдээж байв. Түүний хэлсэн үгнээс болоод нам нь парламентын доод танхимд цөөн суудалтай болсон гэдэг.

Тэр бас АНУ-ын шумбагч онгоцтой Японы хөлөг мөргөлдөж живсэн томоохон ослын үеэр гольф тоглож байсан хэмээн япончуудад хүчтэй шүүмжлүүлж байв.

2012 онд улс төрөөс зодог тайлсныхаа дараа Ёширо Мори спортыг дэмжих үйлсэд хүчин зүтгэх болжээ. Энэ үедээ ч тэр хэл амнаас салахгүй байна.

2014 онд Сочигийн өвлийн олимпын наадамд оролцсон Японы уран гулгалтын тамирчин Мао Асадо алдартай үсрэлтээ хийж чадалгүй хальтирч, муу амжилт гаргахад Мори “Энэ охин хэрэгтэй үед дандаа унаж байх юм” гэж хэлээд буруудсан байна.

Саяхан Мори коронавирусийн халдвар тархалтын нөхцөл байдал хүндэрсэн ч Токио 2020 наадмыг зохион байгуулна гэж хэлээд мөн бурууджээ. Гэтэл япончуудын 80 хувь цар тахлын хүнд үед наадмыг зохион байгуулах шаардлгагагүй гэж үзэж байгаа нь саяхны судалгаанаас харагдсан юм.

 

Эх сурвалж: AFP