Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Алексей Навальныйг анх эмчилсэн эмч зуурдаар нас баржээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордож, комд орсны дараа хамгийн түрүүнд эмчилж байсан эмч зуурдаар нас барсныг түүний ажиллаж байсан эмнэлгийн захиргаа өчигдөр мэдээлжээ.

55 настай Сергей Максимишин нь Омск хотын яаралтай тусламжийн эмнэлгийн ерөнхий эмчийн орлогч байсан юм. Өнгөрсөн оны наймдугаар сард тэрбээр Навальныйг эмчлэх ажлыг удирдаж байжээ. Удалгүй Навальныйг тусгай нисэх онгоцоор Омскийн эмнэлгээс Германы нийслэл Берлин рүү хүргэсэн юм.

“Омск хотын яаралтай тусламжийн нэгдүгээр эмнэлгийн ерөнхий эмчийн орлогч, анагаах ухааны доктор Максимишин Сергей Валентинович цаг бусаар таалал төгссөнд бид гүнээ эмгэнэн гашуудаж байна” гэх эмнэлгийн мэдэгдэлд өгүүлжээ.

Навальный таван сар эмчлүүлсний эцэст өнгөрсөн сард Германаас эх орондоо ирээд баривчлагдсан юм. Хэд хоногийн өмнө Москвагийн шүүх түүнийг өмнөх тэнсэн харгалзах ялын нөхцлийг зөрчсөнд буруутгаж, 3.5 жилийн хорих ял оноосон.

Навальныйн Авлигатай тэмцэх сангийн төлөөлөгч Леонид Волков “Сергей Максимишин нь Алексей Навальныйг эмчилж байсан гол эмч. Тэр Алексейн биеийн байдлыг хамгийн сайн мэдэж байсн хүн тул гэнэт нас барсан нь сэжиг төрүүлж байна. Гэхдээ Оросын эрүүл мэндийн систем маш ядуу тул эмч нарын дунд эрт нас барах явдал түгээмэл байдаг. Түүний үхлийн шалтгааныг мөрдөн шалгана гэдэгт би эргэлзэж байна” гэж хэвлэлд ярьжээ.

Омск мужийн эрүүл мэндийн газрын гашуудлын мэдэгдэлд Максимишинийг тус эмнэлэгт “28 жил ажиллахдаа олон мянган хүний амийг аварсан гавьяатай эмч“ хэмээн дурссан байна.

 

Эх сурвалж: CNN