Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Мьянмарын цэргийн дэглэм Фэйсбүүкийг хориглолоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн эхээр төрийн эрхийг хүчээр булаасан Мьянмарын цэргийн дэглэм өчигдөр Фэйсбүүк сүлжээнд  тус улсаас хандах боломжийг хаажээ.

Улс орны тогтвортой байдлыг хангах үүднээс ийм шийдвэр гаргаснаа албаныхан тайлбарласан байна.

Даваа гарагт болсон цэргийн эргэлтийн дараа Фэйсбүүк сүлжээ Мьянмарын иргэдийн эсэргүүцлээ илэрхийлэх гол суваг болж байсан юм. Даваа гарагийн шөнө генерал Мин Аун Хлайн тэргүүтэй зэвсэгт хүчин эрх баригч намын улс төрчдийг баривчлан хорьж, засгийн газрыг тарааж байв.

Баривчлагдсан хүмүүсийн дунд ерөнхийлөгч Вин Мьин, төрийн зөвлөх Аун Сан Сү Чи нар байжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй цэргийнхэн нэг жилийн хугацаатай онцгой дэглэм тогтоосны дараа шударга сонгуулиар сонгогдсон улс төрийн хүчинд төрийн эрхийг шилжүүлэхээ амлаж байгаа.

Өмнөх сонгуульд Аун Сан Сү Чигийн нам үнэмлэхүй ялалт байгуулсан ч санал хураалтын үйл ажиллагаа будилаантай болсон гэж зэвсэгт хүчнийхэн үзэж байна.

Олон жилийн турш цэргийн дэглэм дор оршсон Мьянмар улсыг 2015 оноос эхлэн иргэний засгийн газар удирдах болсон юм.

АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд, олон улсын байгууллагууд Мьянмарт цэргийн дэглэм тогтоохыг эсэргүүцэж, ардчилсан замаар сонгогдсон улс төрийн хүчинд төрийн эрхийг буцааж шилжүүлэхийг уриалж байна.

 

Эх сурвалж: BBC