Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Йементэй дайтаж буй Саудын Арабт үзүүлэх АНУ-ын дэмжлэгийг Байден зогсоолоо

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Саудын Араб тэргүүтэй цэргийн эвсэл хөрш Йеменд зургаан жилийн турш дайны ажиллагаа явуулж байгаа билээ. Уг зэвсэгт мөргөлдөөнийг Ойрх Дорнодын хоёр том өрсөлдөгч болох Саудын Араб, Ираны “прокси дайн” (шууд бус дайн) гэж үздэг.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр дайтагч талуудын нэг болох Саудын Арабт үзүүлдэг дэмжлэгээ зогсоож байгааг зарлалаа.

Тэрбээр бас Америкийн ахмад дипломатч Тимоти Лендеркингийг Йемен дэх тусгай элчээр томилж, хүмүүнлэгийн болон стратегийн гамшиг үүсгээд буй дайныг зогсоох чиглэлд ажиллуулахаар болжээ.

Йеменд болж буй дайныг НҮБ өнөөдрийн дэлхий дээрх хамгийн том хүмүүнлэгийн гамшиг гэж үздэг. Дайны улмаас энэ улсын хүн амын 80 хувь өлсгөлөнгийн ирмэг дээр амьдарч байгаагаас гадна олон мянган хүн бөмбөгдөлтөд амиа алдсан.

“Энэ дайн дуусах ёстой. Йемений дайн ажиллагаанд үзүүлж буй бүх дэмжлэгээ бид зогсоож байна. Үүнд бас зэр зэвсгийн худалдаа багтаж байгаа” гэж Жо Байден өчигдөр АНУ-ын төрийн департментад зочлох үеэрээ мэдэгджээ.

Байдены энэ алхам нь өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп, Барак Обама нарын гадаад бодлогыг эсрэгээр нь эргүүлсэн хэрэг юм.

Гэхдээ АНУ өөрийн холбоотон Саудын Арабын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүн ардыг гадны довтолгооноос хамгаалахад нь үргэлжлүүлэн туслахыг Жо Байден мэдэгдсэн байна.

Саудын Арабын засгийн газар Байдены шийдвэрийг талархан хүлээж авч буйгаа мэдэгджээ. Ялангуяа тус улсыг гадны довтолгооноос хамгаалах амлалтад нь гүнээ талархсан байна.

Ираны талыг баримтлагч Хусит зэвсэгт бүлэглэлтэй байлдаж буй Йемений засгийн газрыг дэмжих зорилгоор Саудын Араб тэргүүтэй эвсэл 2015 онд дайн эхлүүлж байжээ.

Саудын Арабын эрх баригчидтай дотно харьцаатай ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалаасаа буухын өмнөхөн Йемений Хуситуудыг гадаадын террорист байгууллагаар зарласан юм.

Ингэснээр Йемений ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламж дэмжлэг зогсож, гамшиг улам даамжрах шатандаа орсон байна. НҮБ болон бусад тусламжийн байгууллагууд АНУ-ын засаг захиргаанаас шийдвэрээ цуцлахыг уриалж байв.

Одоо Байдены засаг захиргаа Хуситуудыг гадаадын террорист байгууллагад тооцох Трампын шийдвэрийг буцаах боломжийг судалж эхэлжээ.

 

Эх сурвалж: Reuters