Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль бус радио холбоо ашигласан Аун Сан Сү Чи хоёр жилийн хорих ял сонсож магадгүй болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн Даваа гарагт Мьянмарын зэвсэгт хүчин тус улсын эрх баригч намын улс төрчдийг баривчилж, засгийн газрын танхимыг тараасан билээ.

Тэдний дотор Мьянмарын ерөнхийлөгчөөс гадна төрийн зөвлөх Аун Сан Сү Чи багтсан юм.

Баривчилгааны дараа цагдаа нар Аун Сан Сү Чигийн гэрт нэгжлэг явуулахдаа гадаадаас хууль бусаар оруулж ирсэн радио холбооны хэрэгсэл (walkie-talkie) илрүүлсэн тухай мэдээлжээ. Эдгээрийг түүний бие хамгаалагч нар хэрэглэдэг байсан гэнэ.

Хэрвээ хууль бус радио холбооны хэрэгслийг зөвшөөрөлгүй ашигласан нь тогтоогдвол Мьянмарын хуулиар Аун Сан Сү Чи хоёр жил хүртэл хугацаагаар шоронд хоригдох магадлалтайг түүний намын эх сурвалж мэдээлжээ.

 Мьянмарын армийнхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуулийг маргаан будилаантай болсон гэж үзээд төрийн эргэлт зохион байгуулсан юм. Уг сонгуульд Аун Сан Сү Чигийн Ардчиллын Төлөө Үндэсний Лиг нам үнэмлэхүй олонх болж байв.

Цэргийнхэн засгийн эрхийг нэг жил барьсны дараа шударга сонгууль зохион байгуулж, ялсан улс төрийн хүчинд эрх мэдлээ шилжүүлнэ хэмээн амлаж байгаа.

Мьянмарын ерөнхийлөгч Вин Мьинийг сонгуулийн үйл ажиллагааны үеэр хүмүүстэй уулзаж, коронавирусийн халдвараас сэргийлэх хууль дүрэм зөрчсөн хэрэгт буруутгажээ.

Цэргийн эргэлтийг Мьянмарын иргэд, олон улсын хамтын нийгэмлэг хүчтэй эсэргүүцэж байна.

Тухайлбал нийслэл Нэйпьидо, санхүүгийн төв Янгон зэрэг томоохон хотуудын нийт 70 орчим эмнэлгийн ажилтнууд цэргийн дэглэмийн дор ажиллах боломжгүйгээ илэрхийлж, ажил хаяжээ.

Тэд цар тахлын үед цэргийнхэн энгийн иргэдийн амь наснаас илүү өөрсдийн эрх ашгийг тавьж байна гэж буруутгаж байна.

Эмч нараас гадна Мьянмарын багш нарын холбоо, оюутнуудын холбоо цэргийн дэглэмийн эсрэг тэмцэхээ илэрхийлж, интернэт орчинд хөдөлгөөн эхлүүлжээ.

15 жил гэрийн хорионд байсан Аун Сан Сү Чи 2010 онд суллагдаж, 2015 онд Мьянмарын цэргийнхэн анх удаа эрх мэдлээ иргэний засгийн газарт шилжүүлж байв. Тэр үеэс хойш Мьянмарын ардчилсан шилжилтийг өрнөдийн орнууд, НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд төрөл бүрээр дэмжсээр ирсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian