Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Google Австралиас гарвал Microsoft орлоно

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хайлтын системийн аварга компани Google болон Австралийн засгийн газрын хооронд маргаан үргэлжилж байна.

Австралийн хууль тогтоогчид хайлтын үр дүнд тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын бэлдсэн мэдээ, нийтлэл гарч ирвэл Google компани тэдгээрт мөнгө төлдөг байх хуулийн төсөл хэлэлцэж байгаа юм.

Өнгөрсөн сард сенатын сонсголд оролцох үеэрээ тус компанийн Австрали, Шинэ Зеландын зах зээл хариуцсан захирал Мэл Силва хэрвээ ийм хуультай болбол Google компани Австралийн зах зээлээс гарна хэмээн сүрдүүлж байв.

“Хэрвээ ийм хуультай болбол бидэнд Австралийн зах зээлээс гарах ганцхан сонголт үлдэнэ. Энэ нь зөвхөн биднийг хохироох биш, Австралийн хүн ард, жижиг бизнесүүдэд том цохилт болно” гэж тэр хэлж байжээ.

Харин өчигдөр Австралийн харилцаа холбооны сайд Пол Флэчер хэвлэлд ярихдаа Google-ийн үлдээсэн орон зайд Microsoft компани орж ирэх хүчтэй сонирхолтой байгааг мэдээлсэн байна.

“Microsoft компанийн гүйцэтгэх захирал бидэнтэй холбогдож, өөрийн холбогдох хүмүүсийн хамт ерөнхий сайдтай уулзах хүсэлтээ илэрхийлсэн. Энэхүү уулзалтын үеэр Microsoft компанид Австралийн зах зээлд ажиллах их сонирхол байгаа нь харагдлаа” гэж Флэчер ярьжээ.

Дараа нь тэр хэлэхдээ “Эцэст нь хэлэхэд хэрвээ хэн нэгэн Австрали улсад бизнес эрхлэхийг хүсвэл Австралийн засгийн газрын хууль дүрмийг дагах ёстой” гэсэн байна.

Microsoft компанийн Bing хайлтын систем нь дэлхийн зах зээлийн 13 орчим хувийг эзэлдэг бол Google-ийн хайлт 70 орчим хувийг эзэлдэг.

Хэдийгээр эрх баригчид нь ийм сонголт хийсэн ч Австралийн иргэд энэ өөрчлөлтийг хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Tech Insider