Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын гишүүд тангараг өргөлөө

ikon.mn
2021 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
 

Монгол Улсын Засгийн газрын гишүүд УИХ-ын танхимд тангараг өргөж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Томоохон төслүүдийг хэрэгжүүлж дуусна гэдгийг хэлье.  Иргэдийн амьдралд тулгамдаж буй олон асуудалтай нүүр тулна гэж бодож байна. Тиймээс чихэр мэт сайхан зүйлийг ярихгүй, давс мэт үнэн зүйлийг яримаар байна. Засгийн газар коронавирусийг даван туулах чиглэлд цогц арга хэмжээ авч ажиллах болно. Нийт иргэдээ ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцинд үе шаттайгаар хамруулах ажлыг Засгийн газрын эхний 100 хоногт багтаан зохион байгуулна. 

Гадаадад буй иргэдээ мэргэжлийн байгууллагын зөвлөгөөнд үндэслэн татаж авах ажлыг эрчимжүүлнэ.  Аюулт цар тахлыг хамт даван туулахын төлөө Засгийн газартай хамтран ажиллахыг уриалж байна. Хүн төрөлхтөн цар тахлыг даван туулсны дараа дэлхийн эдийн засаг сэргэнэ. Тиймээс эдийн засгаа сэргээх зорилтуудаас өнөөдрийн сэтгэлзүйд автан ухарч болохгүй. Иргэдийн орлого, ажлын байрны асуудлыг эдийн засгийн өгсөлтгүйгээр шийдэх боломжгүй.

Монгол Улсыг нэгэн айл гэж үзвэл зарлага орлогоосоо жил бүр хоёр тэрбум ам.долларын алдагдалтай. Монгол гэдэг их айлын орлогын 95 хувийг нүүрс, алт зэрэг нөхөн сэргээгдэхгүй баялаг эзлэж байна.  Уул уурхайгаас хэт хамааралтай бүтцийг уул уурхайн салбар хүчтэй байх үед нь амжиж шийдэх шаардлагатай. Тиймээс бид шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг урагшлуулахыг гол зорилтоо болгоно. Эдийн засгийн хөгжлийн үндсэн суурь нь дэлхийн орнуудад шинжлэх ухаан байдаг.

Уул уурхайн салбарыг илүү өгөөжтэй байлгахын тулд үндэсний баялгийн сан байгуулна.  Хуримтлалын, тогтворжуулалтын хөгжлийн гэсэн гурван бүтэцтэй байлгана гэж төлөвлөж байна. Баялгийн сангийн орлогыг төрийн өмчит компаниудын орлогоос бүрдүүлж, иргэдийн амьжиргааг дэмжихэд зарцуулна.

Бид хүмүүнлэг иргэнийг ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг тунхагласан. Өнгөрсөн 30 жид бидэнд хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг олон чухал зүйлийг өгсөн. Хэдий ийм боловч нийт амын 28 хувь нь дунджаас доогуур түвшинд амьдарч байгаа нь үнэн юм. Цаг алдахгүй дундаж орлоготой хүмүүсийг дэмжих нь чухал.  

Манай Засгийн газар гурван жилийн хугацаанд залуус-1,2,3 хорооллыг нэгдсэн зургаар барих ажлыг өрнүүлж, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн загварыг хуримтлалын нэгдсэн сангийн санхүүжилтээр шийднэ.

Түүнчлэн их дээд сургуулиудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, англи хэлийг хоёрдогч хэл болгож, дэлхийн иргэд бэлдэх зэрэг асуудлыг шийдэх  шаардлагатай.

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг зарлаж, зайлшгүй шаардлагатай мэргэжлийг дэмжин ажиллах болно. Улс төр уул уурхай, шүүхийн бүлэглэлд үгүй гэж хэлсэн өдрийг хэзээ ч мартахгүй.

Иргэн бол төрийн үндэс юм. Иргэний болон хувь хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг юм. Хувь хүний эрхийг хүндэтгэдэг ёс зүйг төрийн алба хаагчдаас нэхнэ. Цаашид төрийн алба гүйцэтгэлд тулгуурлан үнэлэгддэг шинэ соёлыг нэвтрүүлэх цаг нь болсон.  Дэлхий дээр Монгол хэмээх улс орон хэдий чинь удаан оршин тогтнох нь гагцхүү одоо үеийн биднээс шалтгаална гэдэг хоёр дахь Ерөнхий сайд Амарын үгийг иш татан хэлмээр байна.  Хувь хүн биш хууль засагладаг шудара төртэй байхыг хүсэж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/191166414402268/videos/858430891617945