Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Бүсгүйчүүд аз жаргалтай болгодог зүйлээ олж мэдээд түүндээ цаг гаргаж чадвал стрессдэхгүй

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 25
Сурталчилгаа

Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч RE/MAX компани Монголд албан ёсоор нээлтээ хийсэн таван жилийн хугацаанд 51 оффистой болж өргөжин тэлжээ. Хамгийн отгон оффис буюу Азидаа анх удаа онлайн франчайз гэрээнд гарын үсэг зурсан “RE/MAX PEAK” оффисын брокер эзэмшигч Л.Болортой шинэхэн бизнесийн цаашдын стратегийн талаар хөөрөлдлөө. Мөн бүсгүйчүүдэд тулгардаг хариултгүй асуулт, хааяа таардаг ойлгомжгүй сэтгэл хөдлөлийн талаар ч бяцхан шивнэлдэв.  Ерөөс шинэхэн захирлын дотоод хүнийг таньж мэдэхийн хүслээр дүүрэн ярилцлаа.

-Хоёулаа ярилцлагаа холоос эхэлье. Таны бага нас хаана өнгөрөв?

-Би Дундговь аймагт төрсөн. Ээж, аав хоёр маань тэр нутгийн хүмүүс. Найман нас хүртлээ Дундговьд байгаад 90-ээд оны шилжилтийн үед манайх Улаанбаатар хотод шилжин суурьшсан. Аав минь эмч, ээж минь багш. Зах зээлийн хүнд хэцүү үед Улаанбаатар руу шилжиж таараад ээж, аав хоёр минь эдийн засгийн хямралын “шуурганд” тэсч үлдэхийн тулд ажилаа хийхийн төрөл янз бүрийн бизнес хийж хүүхдүүдээ өсгөхийн төлөө маш их хөдөлмөрлөсөн. Одоо тэтгэвэртээ суусан 2 сайхан хөгшин бий Би хоёр ахтай, айлын бага охин болохоор тэр үү их л эрх өссөн дөө.

 

-Сурагч ахуй насаа дурсахгүй юу? Та ямар хүүхэд байв?

 -Сурагч байхдаа их нийгмийн идэвхитэй хүүхэд байлаа. Зургаадугаар ангид байхдаа Улаанзагалмайн нийгэмлэгийн хамгийн анхны “Тусч” бүлгэмийг сургууль дээрээ  байгуулж явлаа. Монголын хамгийн анхны “Тусч” бүлгэмийг үүсгэгч гээд одоо Улаанзагалмайн нийгэмлэгийн музейд миний зураг байдаг юм билээ /инээв.сур/. Энэ бүлгэмээр дамжуулан найзуудтайгаа хамтраад сайн дурын ажил их хийдэг байсан. Хэцүү амьдралтай айлуудад очиж түлээ, модыг нь хагалж өгөх, усыг нь зөөж өгөх, настай эмээ нарын үсийг нь угааж өгөх зэргээр тусална. Есдүгээр ангид байхад Улаанзагалмайн нийгэмлэгээс энэ чиглэлээр ажилласан сурагчдаас “Оны шилдэг” хүүхдийг шалгаруулаад Япон руу туршлага судлах нэг сарын аялалд явах эрхээр шагнасан юм. Ингэж хамгийн анх 17 настайдаа гадаад тэр дундаа Японы олон хотоор тойрон аялал хийж байлаа. Тухайн үед олон орны хүүхдүүдтэй аялалд яваад ёстой л нүд нээгдэх шиг болсон доо.

-Улаанзагалмай бол нийгмийн толь. Сайн дураараа, цалингүйгээр бусдад тусална гэдэг хүүхдүүдэд маш том ёс зүй, хүмүүжлийг суулгаж чаддаг ч байх?

-Зөвхөн хүнд хэцүү амьдралтай айлуудаар явах биш хүүхдийн хорих дээр очиж алдсан үе тэнгийн найзууддаа урам зориг өгөх, тэдэнтэй ярилцах ажлыг ч зохион байгуулдаг байлаа. Батсүмбэрийн асрамжийн газар тусламжийн бараа аваачиж өгөөд тэнд байгаа ахмадуудад үр хүүхдүүдийнх нь өмнөөс хайрлагдаж, тэврүүлж, сэтгэлд нь хайрыг мэдрүүлдэг байсан. Ийм ажилд оролцоход өсвөр насны хүүхдийн аливааг харах өнцөг их өөр болдог юм билээ. Аав, ээжийгээ орхиод явчихдаг үр хүүхэд байдаг юм байна, үе тэнгийнхэн маань иймхэн зүйл дээр алдаад эрх чөлөөгөө хасуулчихдаг, тэгээд ингэж хүмүүжиж байна гээд их олон зүйлийг эргэцүүлж сурсан. Хүүхдийн хориход олон удаа очиж, найзуудтай болоод тэдэнтэй захидлаар харилцдаг байлаа. Хэрэг хийсэн ч гэсэн бидний л адил хүүхдүүд шүү дээ.

 

-Улаанзагалмайн нийгэмлэгийн гишүүн байхдаа сурсан бүхэн одоо эргээд ажилд тань эерэгээр нөлөөлдөг болов уу. Учир нь RE/MAX бол харилцааны бизнес. Хэн, ямар байр сонирхоод байна вэ гэдгийг ойлгох нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын хувьд чухал мэдрэмж юм шиг санагддаг.

-Тийм шүү. Үл хөдлөх бол бүхэлдээ харилцааны бизнес. Үл хөдлөх гэлтгүй бүх амжилт харилцаан дээр тогтдог. Сайхан зүс царай, мэдлэг боловсролтой байгаад тэр хүн харилцааны чадваргүй бол амжилт хол. Багаасаа бизнесмэн болох зорилго байгаагүй ч багаасаа хийсэн олон нийтийн ажил олон хүнтэй харилцаж байсан маань “Би чадна” гэдэг бодлыг анх төрүүлж энэ салбарт хөл тавих зориг нэмсэн болов уу гэж боддог.

-Таныг нөхөр тань RE/MAX -т уруу татчихсан гэв үү?

-Тийм ээ, RE/MAX -тай намайг холбосон хүн бол манай нөхөр. Би хүний нөөцийн чиглэлээр 10 гаруй жил ажилласан. Харин манай гэр бүлийн хүн гадаадад олон жил болж ирээд RE/MAX INFINITY оффист агентаар дөрвөн жилийн өмнө ажилд орсон. Анх ажилд орчихоод гадуур их явна аа, завгүй л гүйгээд байна. Би тухайн үед бага насны хүүхэдтэй, бие давхар байлаа. Тиймээс нөхрийн ажил ихтэй, завгүй байдал нь гэртээ сууж байгаа намайг “Энэ ямар ажилд орчихов оо” гэж бодоход хүргэсэн. Манай хүн аливаад тууштай. Тууштай байдлынхаа үр дүнд өнөөдөр RE/MAX -ын Монгол дахь бүсийн хамгийн өндөр шагналуудыг хүртээд өөрөө оффис нээгээд намайг бүр RE/MAX -ын улаан фэн болгочихоод байна /инээв.сур/. “Монголд шинэ салбар, өсч хөгжих маш их боломжтой, өргөн зах зээлтэй, ажиллахад сонирхолтой салбар байна. Чиний зан, араншинд их тохирно” гээд л намайг анх ятгасан. Түүний ятгалга, миний “хийгээд үзье” гээд эхэлсэн сонголт буруу байсангүй. Хамтдаа “RE/MAX GREEN” оффисыг байгуулаад маш амжилттай хоёр жил ажиллаж борлуулалтаар тогтмол тэргүүлж, бусад үзүүлэлтээр эхний байранд тогтмол шалгарч байсан. Хамгийн сүүлд 2020 оны ТОП оффисуудын нэгдүгээрт бичигдсэн. Ингэж нөхөртөө уруу татагдаж RE/MAX -т орсон доо. Би банк, уул уурхай, үйлдвэрлэл гээд олон салбарт ажиллаж байсан. Энэ дундаас намайг дурлуулж чадсан нь RE/MAX.

 

- RE/MAX -ын юу нь таныг дурлуулчихав?

-Хамгийн эхэнд олон улсын бизнесийн бэлэн модуль. Үүгээр олон улсаас суралцах боломж олгодог. Хоёрдугаарт хамт олон. Бид тусдаа 51 оффис ч гэлээ бие биенээсээ туршлага, мэдлэг хуваалцдаг. Байгууллагын соёл нь бие биедээ хүч, урам өгдөг. Нэг тийм том урсгал дунд орж ирээд, үүн дотроо өөрийн байр суурийг олох гээд ажиллаж байгаа минь надад маш их сэтгэлийн таашаал өгдөг. Гуравдугаарт, бид агентуудтай хамтарч ажилладаг. Бид агентууд хүсэл зорилгодоо хүрэхэд нь тусалж байгаа бол тэд маань бусдад хүссэн байраа олох зэрэг анхдагч хэрэгцээнд нь тусалдаг. Тэдний амжилтыг харж, амжилтаар нь бахархаж жаргал зовлонг хуваалцаж өдөр бүр хамт байх надад маш таатай санагддаг. Энэ бүхнээс би ажилдаа дуртай, сэтгэл ханамжтай, баяр баясгалантай байж чаддаг.

-Хөрөнгө зуучлалын салбарт гэр бүлийн хүмүүс хамтраад хүч соривол илүү амжилт олоод байна уу гэж хардаг. RE/MAX -ын брокер эзэмшигчид дунд хосууд цөөнгүй бий. 

-Манай хүн агентаар дөрвөн жил ажилласан. Агентийн хүрч болох хамгийн дээд Platinum  цол хүртсэн. Мөн Forbes Awards Mongolia  2020 оны шилдэг реалтор болсон. Цаашлаад 2020 оны үл хөдлөх хөрөнгө удидлагын академаас зохион байгуулсан, реалторуудаас санал авч тодруулсан шилдэг реалтор боллоо. Манай хүн агентийн хувьд хамгийн өндөр карьерт хүрсэн. Бид хоёр нэг баг болж ажилласнаараа манай хүн үл хөдлөхийн талаасаа, миний хувьд багаа бүрдүүлэх, тордох, хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарч байна. Бидний хамтын ажиллагаа үр дүнтэй байгаа гэж хэлж болно. Аливаа зүйл хоёр талтай. Нэг бодлын гэр бүлийн хоёр 24 цагийн турш хамтдаа байна гэдэг мөнхөд сайхан зүйл биш. Нөгөө талаас ажил дээр гарч байгаа жижиг, том гэлтгүй бүх асуудлыг хоёулаа мэдэж байгаа учраас хамтдаа шийдвэрлэхэд илүү давуу талтай. RE/MAX-т гэр бүлээрээ ажиллаж байгаа брокерууд бас агентууд ч олон байдаг.

 

-Шинэ оффисын онцлог, цаашдын бодлого стратегийн талаар сонирхуулахгүй юу?

-Манай RE/MAX PEAK оффис маань 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд Азидаа хамгийн анх онлайнаар франчайз гэрээгээ зурсан цор ганц оффис болсон. Мөн манайх RE/MAX MONGOLIA бүсийн хамгийн том зай талбайтай /400 мкв/ оффисыг шинээр тохижуулсан. Хүний амьдралын ихэнх цаг хугацаа өнгөрдөг ажлын байрыг тав тухтай байлгах, ажилдаа дуртай байх орчноор хангахын тулд хүүхдийн тоглоомын өрөө, унтлагын, амралтын өрөөтэй бүх талаар маш тухтай байх орчныг бэлдсэн. Байршлын хувьд ч гэсэн үл хөдлөхийн борлуулатын “халуун бүс”-д байрлаж байгаагаар давуу талтай. Захирал, агент, цалингаа аваад ажлаа хийж байгаа хэн ч бай ажилдаа дуртай байна гэдэг чухал. Нийт хүмүүсийн 80 хувь нь ажилдаа сэтгэл ханамжгүй, хэзээд ажлаасаа гарахад бэлэн байдаг гэх судалгаа бий. Манай оффисыг сонгосон, надтай хамтарч байгаа хүмүүс тийм сэтгэлзүйтэй биш байгаасай, ажилдаа аз жаргалтай ирээсэй гэж үнэхээр их хүссэн учраас оффисоо ингэж тохижуулсан. Манай оффис дөнгөж нээгдээд байгаа хэдий ч 40 гаруй агенттай болчихсон байгаа. Тэгэхээр хүмүүст ажиллах орчин ямар чухал вэ гэдгийг эндээс харж болохоор юм.

-Энэ онд юуг төлөвлөж байна вэ?

-Өнгөрсөн оныг RE/MAX MONGOLIA бүсээс төслийн жил болгон зарласан. Түүнтэй холбоотойгоор төслийн борлуулалт бүсийн хэмжээнд өндөр өсөлттэй гарсан. Төв оффисоос өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байгаа учраас хэд хэдэн төслүүдтэй гэрээлж амжилттай борлуулж дуусгасан. Энэ жилийн хувьд олон олон барилгын компани, төслүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа. Манай шилдэг багтай хамтран ажиллах сонирхолтой, төслүүдээ борлуулах сонирхолтой барилгын компаниуд байвал бид үргэлж бэлэн нээлттэй байгаа шүү. Мөн надад маш том нэг хүсэл байна. Тэр нь манай оффистой нэгдсэн бүх хүмүүс хүссэндээ хүрэхэд нь би тусалмаар байна. Хүмүүс олон зорилгоор ажилд ордог. Хамт олонтой болох, сурч хөгжих, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гээд. Энэ жилийн хувьд шинэ оффис нээсэн учраас хамтран ажиллахаар надад итгээд ирсэн бүх хүмүүсийн зорилгыг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэсэн чин хүсэл байна.

 

-Коронавирусийн нөлөөллөөс болж Монгол Улсад орон сууц худалдан авах чадвар буурав уу?

-Үл хөдлөхийн хэрэгцээ, борлуулалтын сезон буурдаг, нэмэгддэг хугацаа гэж огт байдаггүй гэдгийг анзаарлаа. Хүний анхдагч хэрэгцээ учраас байраа зардаг, авдаг, түрээслэдэг гээд үргэлж харилцаанд орж байдаг. Тэгэхээр коронавирусийн нөлөө огт байгаагүй гэж хэлж болно. Бид коронавирусийн тухай сонсож, хөл хорионд ороод жил болчихлоо. Харин RE/MAX бүсийн хэмжээнд рекордуудыг өнгөрсөн жил тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл коронавирусийн үед гэсэн үг. Манай оффисын хувьд ялгаагүй борлуулалтын өсөлтөөр рекорд тогтоосон.

-Тэгвэл монголчууд ямар орон сууц илүүтэй сонирхож байна вэ?

-Сүүлийн үед том хэмжээтэй хаус худалдан авах хандлага буурч байна. Дундаж хэмжээтэй орон сууц, доороо кофе шоп, хувцас угаалга зэрэг нэгдсэн үйлчилгээтэй бас СӨХ-ны ажиллагаа сайтай байрыг сонирхдог болсон. Агаарын бохирдлоос шалтгаалан Зайсан, Яармаг чиглэлд орон сууц худалдан авах сонирхол их байсан бол эргээд буурч байна. Яармаг руу хэсэг шуурсан бол түгжрэлээс шалтгаалан энэ хандлага мөн л суларсан. Хүн хүний санхүүгийн боломж өөр учраас сонирхол ч өөр өөр байгаа. Статистикаар бол борлуулалт тогтмол өсөлттэй явж байгаа.

 

-Биднийг “чи онц сурах ёстой, чи ажил хийх ёстой” гэж сургадаг байлаа. Одоо харин хүн хэн нэгнээр заалгаж, үг сонсож биш өөрөө өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, зорьдог цаг үе иржээ. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж ажил амьдралын балансаа тэнцүүлж байна вэ?

-Нийгэм дэх ажлын байрыг сонирхох залуучуудын чиг хандлага их өөр болсон. Заавал цагт барьсан, өглөө 09.00 цагт ир, орой 18.00 цагт тар. Оронд нь би чамд цалин өгнө гэсэн хайрцагладсан хэв маягаас татгалзаж байна. Харин илүү чөлөөтэй сэтгэх, өөрөө өөрсдөө цагийн менежментээ зохицуулах, өөрийгөө хөгжүүлэх, дайчлах ажилд залуучууд дуртай болсон. RE/MAX-т ийм залуус олноор нэгдэж байна. Яагаад вэ гэхээр дээр дурдсан боломжуудыг RE/MAX олгодог. Агентуудыг өглөө эрт ир, орой тар гэж хэн ч хэлэхгүй. Харин бэлэн RE/MAX-т нау хау, оффис танхим, сургалтаар өөрөө өөрийгөө хөгжүүлж дадлага, туршлага суух боломж RE/MAX-т байдаг. Өөрөө л хичээх юм бол сайн ажиллах хөрс нь энд байна. Нөгөө талаасаа шахуулж байж ажил хийдэг хүмүүс байдаг. RE/MAX -аас ийм хүмүүс биш. Харин өөрийгөө байнга сорих, дайчлах, хөгжүүлэх дуртай, өөртөө том зорилго тавьдаг, түүнийхээ төлөө чармайдаг, хүнд туслах сэтгэлтэй, зүтгэлтэй, ёс зүйтэй хүмүүс боломжийг олж чадна.

Миний хувьд гурван хүүхэд маань ойрхон ойрхон төрсөн. Хүүхдүүд маань 14, 5, 3 настай. Хамгийн бага маань есөн сартай. Эмэгтэй хүний хувьд хүүхэд төрүүлнэ гэдэг хамгийн том, хамгийн чухал юу юунаас илүү номер нэг ажил. Хэдий тийм ч үүний хажуугаар оффисоо нээх, хамт олноо чадваржуулах ажлыг тасралтгүй хийсэн. Гэсэн ч өдөржин, шөнөжин суугаад ажлаад байсангүй. Миний хувьд өдөрт 4-6 цаг чанартай ажилладаг. Ажлынхаа дундуур нэг удаа очиж хөхүүлнэ. Бусад үед нь гэртээ хүүхдүүдээ хардаг. Тэгэхээр энэ балансыг тэнцүүлэх боломж эмэгтэй хүн бүрт байдаг юм шүү гэдгийг хэлмээр санагдаад байдаг юм. Балансыг тэнцүүлж чадвал эмэгтэй хүнд маш их хүч байгаа.

 

-Төрсний дараа ажилгүй гэртээ удаан сууснаас болж эмэгтэйчүүд стрессдэх нь бий. Харин таны хувьд амаржаад л хоёр долоо хоногийн дараа ажилдаа орчихсон гэсэн үү?

-Тийм ээ. Энэ зөвхөн миний л бодол. Хүүхдээ хэдэн нас хүртэл харах тэр хүний хувийн эрх. Гэхдээ түүнийгээ гоё аз жаргалтайгаар мэдэрдэг хүмүүс байна. Эсвэл түүндээ их түүртдэг ч хүмүүс бий. Хэрэв гэртээ хүүхдээ хараад сууж байгаа бол энэ цаг хугацааг маш гоё үнэ цэнтэйгээр хүлээн авч аз жаргалтай өнгөрүүлэхийг хичээгээрэй гэж бүсгүйчүүддээ хэлмээр байна.

-Эмэгтэй хүн бүрт хүүхдээ өсгөх, карьераа ахиулах хоёрыг тэнцүүлэх боломж байгаа болов уу?

 

-Би ном их уншдаг. Хамгийн сүүлд “Би төгс эмэгтэй биш” гэдэг ном уншсан.  Нийгэм эмэгтэй хүнээс төгс байхыг шаарддаг. Гэртээ хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж, нөхрөө сайн халамжилж сайн эзэгтэй байх ёстой. Нөгөө талаас ажил дээрээ амжилт гаргах ёстой гэдэг шаардлагыг тавьдаг. Энэ бүхний балансыг олно гэдэг эмэгтэй хүнээс асар их ур чадвар шаарддаг. Үүнээс болж эмэгтэйчүүд их стрессдэг гэнэ. Өөрөө өөртөө дэндүү их шаардлага тавихаараа, түүндээ хүрч чадахгүй болохоороо эмэгтэйчүүд их стрессдэг юм байна. Тэгэхээр ийм байх албагүй гэдгийг тухайн номд тусгасан байсан. Эмэгтэй хүн гэдэг өөрөө маш их хүчтэй. Бурхан багш “Эмэгтэй хүн бол маш гайхамшигтай бүтээл. Гэхдээ түүнд ганцхан сул тал байгаа. Тэр нь юу вэ гэхээр өөрийнхөө хүчтэйг тэр мэддэггүй. Хэрэв тэрнийгээ тэр өөрөө мэдвэл маш их хүч гардаг гэж үг бий. Үүнийг би үнэн гэж боддог.  Миний хувьд үлгэр жишээ авдаг маш чадварлаг эмэгтэйчүүд олон байна. Тухайлбал RE/MAX Mongolia бүсийн брокер эзэмшигч Бүжинлхам дөрвөн хүүхэдтэй ээж хүн. Сайн ээжээс гадна маш олон залууст итгэл, урам зориг өгдөг. Тэр хүнийг би хэзээ ч уурлаж байхыг нь хараагүй, дөнгөж төрөөд долоо хоноод л ажилдаа орчихсон гялалзаж явсан. Өөрийгөө маш гоё авч явдаг, алдарт эх болсон. Ингээд бодохоор би тэр хүнээс маш их урам зориг авдаг. Тэгэхээр Бүжээ захирал бол өөрийгөө хүчтэй гэдгийг мэдчихсэн хүн байгаа юм. Мөн Эко цэцэрлэг Хүмүүн дунд сургуулийг үүсгэн байгуулсан Солонго гэж найз минь бий. Таван хүүхэдтэй. Хүүхдүүдээ тэврээд л ажлаа хийгээд явна маш олон бизнес эрхлэхийн хажуугаар өөрөө маш гоё биеэ авч явдаг. Ийм эмэгтэйчүүд улс оронд маш их хувь нэмрээ оруулж,  маш олон хүнийг ажлын байраар хангаж байгаа. Тэгэхээр бүсгүйчүүд минь нэг бол өөрийгөө гээгээд гэртээ суух биш, нэг бол өөрийгөө хөгжүүлээд гэр бүлээ орхигдуулаад, эсвэл ганц бие болзоонд явах цаггүй бүү суугаарай гэж хэлмээр санагддаг юм.

-Та ойрхон насны гурван бяцхан жаалтай юм байна. Хааяа үр хүүхэд, ар гэр, ахуйн асуудлаас өөрийгөө хэрхэн чөлөөлдөг вэ? Магадгүй, төрсний дараах сэтгэл гутралд автаж суугаа залуу ээжүүдэд хэрэгтэй болов уу?

-Хүн дуртай юмаа хийхээрээ стрессддэггүй. Тийм учраас дуртай зүйлээ заавал цаг гаргаж хийж байх ёстой. Би найз нартайгаа уулзаж, инээж хөхрөх дуртай. Вино шимээд амттай хоол идээд 1-2 цаг гараад ирэхэд л аз жаргалтай болчихдог. Тэгэхээр өөрийгөө аз жаргалтай болгодог зүйлийг олоод, түүндээ заавал цаг гаргаж сураарай. Тэгвэл хүүхдээ хөхүүлээд нойргүй хоносон, ядарсан зэрэг асуудлыг хөнгөн байдлаар даван туулаад явж болдог гэж би хардаг. Эмэгтэй хүн гэлтгүй хүний нас богинохон шүү дээ. Өсвөр нас, идэр нас, өтөл нас. Идэр насандаа нэг зүйлд хэтэрхий анхаарч хайран цаг хугацааг битгий өнгөрүүлээсэй. Маш сайхан амттай амьдраасай, хүчтэй амьдраасай, хүнд хэрэгтэй амьдраасай гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.