Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ даяар болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр Навальныйг дэмжигч 3,300 гаруй хүнийг баривчилжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт ОХУ даяар сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал болох үеэр нийтдээ 3,300 гаруй хүнийг цагдаа нар баривчилсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Москвагийн эрх баригчид цар тахлын хөл хорионы дэглэмийг зөрчиж, хууль бус жагсаалд оролцохгүй байхыг иргэдэд урьдчилан анхааруулж байсан юм. Хэрвээ оролцвол шоронд хоригдох хүртэл хатуу шийтгэлтэйг сануулж байжээ.

Гэвч Бямба гарагийн жагсаал Оросын 100 гаруй хотод өрнөсөн нь урьд өмнө байгаагүй өргөн хүрээг хамарсныг илтгэж байна. 

2012 болон 2019 онуудад болсон сөрөг хүчний томоохон жагсаалууд голдуу нийслэл Москва хотод төвлөрч байжээ.

Энэ оны сүүлээр болох парламентын сонгуулийн өмнө сөрөг хүчнийхэн өөрийн хүч чадлыг шалгасан явдал боллоо гэж ажиглагчид дүгнэж байна.

Нийслэл Москва хотын иргэд Пушкиний талбайд цугларсны дараа Кремлийн зүгт хөдөлсөн байна. Энэ үеэр тэд замдаа тулгарсан цагдаагийн хүч рүү цасаар нүүлгэж, хариуд нь олон хүн зодуулж, баривчлагдсан байна.

Москва хотод нийт 950 гаруй тэмцэгч баривчлагдсаны дотор Навальныйн эхнэр Юлия, сөрөг хүчний идэвхтэн Любовь Соболь нар байжээ. Юлия сүүлд суллагдсан байна.

Навальныйн хамтран зүтгэгч хэд хэдэн хүнийг жагсаал болохоос өмнө баривчилсан юм.

АНУ-ын төрийн департмент жагсагчид болон сэтгүүлчийн эсрэг хатуу тактик хэрэглэсэн Москвагийн эрх баригчдыг шүүмжилж, Навальныйг дэмжигчдийг ямар нэг нөхцөл тулгалгүйгээр даруй суллахыг уриалжээ.

Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеф Боррел мөн Москвагийн эрх баригчдын үйлдлийг буруушааж, ямар хариу арга хэмжээ авах талаар Даваа гарагт хэлэлцэх тухайгаа мэдэгдсэн байна.

Бямба гарагийн орой хэдэн зуун хүн Навальныйг хорьж байгаа Москвагийн өндөр хамгаалалттай шоронгийн гадна цугларсан ч цагдаа нар тэднийг хүчээр тараажээ.

Навальныйн авлигатай тэмцэх хөдөлгөөний орон нутаг дахь үйл ажиллагааг хариуцдаг Леонид Волков энэ удаа орон даяар 300,000 орчим хүн эсэргүүцлийн жагсаалд оролцсон нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болохыг мэдээлсэн байна.

Тэрбээр ирэх амралтын өдөр дахин жагсаал зохион байгуулахыг иргэдэд уриалжээ.

Жагсаалын урд өдөр Москва дахь АНУ-ын элчин сайдын яам вэбсайтдаа жагсаал эхлэх цаг, явах зам маршрутыг мэдээлсэн нь Орос дахь Америкийн иргэдийн аюуйгүй байдлыг хангах зорилготой гэж тайлбарласан юм. Харин ОХУ-ын гадаад хэргийн яам үүнийг Кремль рүү жагсагчдыг турхирсан үйлдэл гэж үзээд дипломат шугамаар хариу арга хэмжээ авахаа илэрхийлжээ.

Эх сурвалж: AFP, The Guardian