Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад уурхайн гүнд гацсан хүмүүсийг аврах ажиллагаа 14 хоног сунжрахаар болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нэгдүгээр сарын 10-ны өдөр Хятадын Шандон мужийн Хушаны алтны уурхайд дэлбэрэлт болсны улмаас уурхайн ам нурангинд дарагдсан юм.

Үүний улмаас хэсэг уурхайчид 500 гаруй метрийн гүнд гацаад байна. Уурхайн гүнд 11 хүн амьд байгаа нь дэлбэрэлтээс хойш долоо хоногийн дараа мэдэгдсэн байна. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд тэдний нэг нас баржээ.

Аврагчид гацсан уурхайчдыг аврах ажиллагаа хоёр долоо хоног орчим хугацаагаар сунжрах төлөвтэй байгааг өчигдөр мэдэгдсэн байна. Одоогоор тэдэнд өрөмдөж гаргасан нарийн нүхээр хоол хүнс, эм тариа дамжуулж байгаа юм.

Дэлбэрэлт юунаас үүдэлтэйг тогтоож чадаагүй байна. Холбоо барьсан 11 уурхайчнаас гадна дахиад 11 уурхайчин газрын гүнд сураггүй болоод байгаа юм.

Амьд байгаа уурхайчид өөрсдийнх нь байгаа газраас доош 100 орчим метрийн гүнд байгаа нэг уурхайчинтай холбоо тогтоосноо аврагчдад мэдэгджээ. Гэвч удалгүй холбоо тасарсан байна.

Уурхайн ам их хэмжээний нурангинд дарагдсан тул өрөмдөж, гарц гаргах ажил маш хүнд нөхцөлд үргэлжилж байгаа юм. Мөн өөрмдлөгийн явцад ус гарч, уурхайчдын байгаа хэсгийг үерлүүлэх аюул тулгарч буй гэнэ.

“Саад бэрхшээл маш их байгаа тул бидэнд хамгийн багадаа 15 хоног шаардлагатай байна” гэж аврах ажиллагааг удирдаж байгаа орон нутгийн албаны хүн мэдээлжээ. Уурхайн амыг тагласан нурангийн хэмжээг 70 тонн орчим гэж тодорхойлсон байна.

Одоогоор амьд байгаа 10 уурхайчны наймынх нь биеийн байдал хэвийн, хоёрынх нь хүнд байгаа гэнэ.

Аюулгүй ажиллагааны стандарт муутай Хятадын уул уурхайн салбарт осол эндэгдэл гарах явдал түгээмэл байдаг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нэгэн нүүрсний уурхайд нүүрстөрөгчийн дан исэл алдагдсаны улмаас 23 уурхайчин амиа алдаж байжээ.

 

Эх сурвалж: BBC