Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

"ХӨСҮТ-д халдвартай дөрвөн ээж амаржсан. Ээжээс нярайд халдвар тархсан тохиолдол бүртгэгдээгүй"

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Сүүлийн өдрүүдэд орцны халдварууд идэвхтэй байна. Халдвар агааржуулалтын хоолойгоор дамжиж байгаа юу?

Д.Нарангэрэл: Орон сууцанд халдвар гарсан 3-4 тохиолдол бүртгэгдээд байгаа. БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байранд гарсан халдвар нэлээд эрчтэй байна. Тийм учраас НЭМҮТ, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран тандалт судалгаа хийж байгаа. Маргаашийн ээлжит хэвлэлийн хурлаар судалгааны дүнг танилцуулна.

Ер нь бол дэлхий дахинд агааржуулалтын хоолойгоор халдвар тархах эрсдэл өндөртэй гэсэн судалгааны дүнгүүд бий. Агааржуулалтын хоолой муу ажиллах нь халдвар тараах эрсдэл дагуулж байгаа талаар мэдээллүүд байна.

- "Өргөө" амаржих газарт төрсөн ээжүүдийг эмнэлгээс гаргахгүй байна гэсэн гомдол гарч байна. Ээжүүдийг эмнэлгээс хэзээ гаргах боломжтой вэ?

А.Амбасэлмаа: Нийслэлийн эрүүл мэндийн газраас орон сууцанд хийсэн тандалтын шинжилгээгээр нэг гэр бүлийн хүмүүсээс халдвар илэрсэн. Тухайн гэр бүлийн нэг гишүүн жирэмсэн эмэгтэй Нэгдүгээр төрөх эмнэлэгт хэвтсэн байсан. Ингээд тухайн халдварыг илрүүлж, тусгаарлалтын арга хэмжээ авсан. Биднийг мэдээлэл аваад хавьтал болсон талаар мэдээлэл өгөх үед төрчихсөн байсан. Холбогдох хариу арга хэмжээг өөрсдийн мөрдөж байгаа журам зааврын дагуу авч хэрэгжүүлж байгаа.

Хавьтал болсон бусад хүнд шөнөдөө шинжилгээ хийсэн. Одоогоор халдвар илрээгүй байна. Голомтын тандалт, хариу арга хэмжээ үргэлжлэн явагдаж байгаа. 

- Коронавирусийн халдварын улмаас эмчилгээ хийлгэж байгаа эмэгтэйн долоон сартай хүүхдээс халдвар илрээгүй гэх мэдээлэл байгаа. Ер нь бага насны хүүхэдтэй хэчнээн ээж эмчилгээ хийлгэж байна вэ, бага насны хүүхдүүд халдвар авахгүй байгаа тохиолдлууд бий юу?

- Одоогийн байдлаар өвчтэй ээжээс нярайд коронавирус халдварласан тохиолдол бүртгэгдээгүй. 2020 онд ХӨСҮТ-д 21 эх амаржсан. Үүнээс халдвартай 4 ээж байсан. Ээжээс нь нярайд хадвар хүрсэн тохиолдол гараагүй. Бидний зүгээс халдварын сэргийлэлт хяналтын дэглэмийг чанд мөрдүүлж, ээжүүд зөвлөмжийг маш сайн мөрдсөн нь нөлөөлсөн байх. 

- Цар тахлын үед эрүүл мэндийн салбар паникт орсон байдалтай харагдаж байна. Хэзээнээс энэ самгардсан байдлаасаа гарах вэ?

Д.Нарангэрэл: Дэлхий дахин тэр чигтээ паникт байна. 90 гаруй сая хүн өвчилж, 2 сая гаруй хүн эндсэн ийм хэмжээний цар тахал өмнө нь гарч байгаагүй. Үүнтэй холбоотойгоор энгийн иргэд, эрүүл мэндийн ажилтнуудын дунд сэтгэл зүйн эмгэг гарч байна. Үүнийг цар тахлын стресс гэж нэрлэх болсон. Эрүүл мэндийн ажилтнуудад ажлаасаа халшрах, өөрийгөө гэмтээх хүртэл хам шинж гарч байгаа бол эдгэрээд гарсан хүмүүс 5-6 сарын хугацаанд сэтгэл зүйн хувьд хямралтай байна

Манай орны хувьд ч гэсэн паниктай байгаа. Эрүүл мэндийн хэллэгээр сайхан сэтгэл өвөрлөж хийж байгаа ч алдаа болдог үйлдлүүд байдаг. Өвчтөнийг хурдан эдгээх гээд хоёр зэрэг тариа хийснээс харшлах гэх мэт үйлдэл байдаг.  Аль алиндаа паниктай байгаа ч дэлхий нийтээрээ дасан зохицох шаардлага байгаа. 

Вакцин хийгдээд дархлаа тогтчихвол энэ өвчин улирлын томуугийн хэмжээнд хор хохирол учруулдаг болох байх гэсэн найдлага дэлхий дахинд байна. 

А.Амбасэлмаа: Дэлхий дахинд халдвар тархаад байхад бид 10 сарын турш дотооддоо халдвар гаргалгүй хамгаалж чадсан. Халдвар гарах нь цаг хугацааны асуудал гэдгийг хэлж байсан. Бид боломжийн хэмжээнд дотоодод гарсан халдваруудаа хумьж байгаа. Өнөөдрийн байдлаар 6 аймагт гарсан халдварын голомтыг хумьчихаад байна.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.01.21/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/736335883976824
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.