Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Авто замчид мэргэжлийн хүнийг уг салбарт ажиллуулахыг шаардаж байна

ikon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авто замчид мэргэжлийн бус хүнээр энэхүү салбарын удирдлагуудыг томилж байгааг эсэргүүцэн шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ.  

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/37iPi7zM0T/

Авто замчдын шаардлага бүрэн эхээрээ:

Монгол Улсын Авто замын салбар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд “Мянганы зам”, “Шинэ бүтээн байгуулалт” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийн хүрээнд олон улс, улсын чанартай 7,000 гаруй км хатуу хучилттай автозам, 15,000 орчим метр урт гүүрэн байгууламж барьж бүх аймаг, зарим хилийн боомтуудаа Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож чадсан.

Энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь татвар төлөгчдийн 5 орчим их наяд төгрөгөөр бүтсэн төрийн нийтийн өмч юм.

Харамсалтай нь үе үеийн Их хурал, Засгийн газар зөвхөн авто зам барих асуудалд онцгойлон анхаарч,авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын чиглэлийн үйл ажиллагааг ор нэр төдий зохион байгуулж, энэ чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн өмчит авто замын засвар арчлалтын компаниудын удирдлагыг тогтвор суурьшилтай ажиллуулахгүй байх, улмаар улс төрийн томилгоо нэрийдлээр мэргэжлийн бус хүнээр удирдуулах явдал хэвийн үзэгдэл боллоо. 

Өнөөдөр төрийн өмчит авто замын засвар арчлалтын компаниудын 90 шахам хувийг мэргэжлийн бус хүн удирдаж байгаа мөн Нийслэлийн авто замын хөгжлийн газрыг сүүлийн 15 жилийн хугацааны 80 гаруй хувьд мэргэжлийн бус хүн удирдаж ирсэн төдийгүй одоо ч мэргэжлийн бус хүн удирдаж байгаа зэргээс тодорхой харж болно. 

Гэтэл сүүлийн үед дээрх үйлдэл хэрээс хэтэрч, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын дүрмэнд заасан (“Монгол улсын авто замын бэлэн байдалд хяналт тавих”, “арчлалт засварын ажлын технологийн хяналтыг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах”, “салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэх”, “авто зам, замын байгууламжийн зураг төслийн магадлалын үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг) мэргэжлийн үндсэн чиг үүргээс нь гажуудуулахад шууд нөлөөлөх мэргэжлийн бус хүн томилох гэж байгаа нь туйлын харалган бодлого юм.

Авто замын салбарт огт ажиллаж байгаагүй, авто замын талаар огтхон ч дадлага туршлагагүй мэргэжлийн бус хүнээр, улс төрийн томилгоо нэрийдлээр удирдуулахаар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дээрхи шийдвэрийг АВТО ЗАМЧИД эрс эсэргүүцэж байна.

Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн, мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага болох “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлыг авто замын салбарт ажиллаж байсан мэргэжлийн ур чадвартай, салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хүнээр удирдуулах зайлшгүй шаардлагатай.

Салбарын төрийн бус байгууллагууд болон Хөдөлмөрийн баатар, Гавъяат, зөвлөх инженерүүд, мэргэшсэн инженерүүдийн төлөөлөл