Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Жо Байден Covid-19 өвчнөөр амиа алдсан 400,000 америк хүний дурсгалыг хүндэтгэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орохоор Вашингтон хотод ирсэн Жо Байден өчигдөр Covid-19 өвчнөөр амиа алдсан 400,000 америк хүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцжээ.

Мягмар гарагийн байдлаар АНУ-д 401,128 хүн коронавирусийн халдварын улмаас нас барсныг Жон Хопкинсийн их сургууль тооцоолсон байна.

Цар тахал эхэлсэн цагаас хойш нийтдээ 24 сая гаруй хүн вирусийн халдвар авчээ. Дээрх хоёр тоо нь дэлхийн бусад бүх улс орнуудынхаас хол илүү байгаа юм.

Делавар мужаас Цагаан ордонд ажиллаж, амьдрахаар Вашингтонд ирснийхээ дараа Жо Байден уг арга хэмжээнд гэргийн хамт оролцжээ. Дэд ерөнхийлөгчийн үүрэг ажилдаа орох гэж буй Камала Харрис нөхрийн хамт бас оролцсон юм. Уг арга хэмжээг Байдены тангараг өргөх ёслолыг зохион байгуулах хорооноос санаачилсан байна.

Амиа алдсан иргэдийн дурсгалд зориулж Линкольний дурсгалын цогцолбор дахь усан санг тойруулан 400 гэрэл асаажээ.

АНУ даяар бусад томоохон хотуудад ижил төрлийн арга хэмжээ зэрэг зохион байгуулагдаж, Америкчууд сошиал сүлжээнд нас барсан ойр дотны хүмүүсээ дурсацгаасан байна.

Нью Йоркийн алдарт Empire State Building улаан өнгөөр лугшиж, 400,000 америк хүний дурсгалыг хүндэтгэжээ.

АНУ-д анх удаагаа ийм өргөн хүрээнд цар тахлын хохирлоо хүлээн зөвшөөрсөн нь энэ юм.

Өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп тахлын хор хөнөөлийг үл ойшоодог байсан бол шинэ ерөнхийлөгч Жо Байден эсрэгээрээ үүнд илүү их анхаарал тавьж байгаа.

Байден үүрэгт ажилдаа орсноос хойших эхний 100 хоногт 100 сая хүнийг вакцинжуулахаа амласан юм. Тэрбээр үүнд шаардагдах хөрөнгө мөнгийг багтсаасан нийт $1.9 их наядын эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг ажлын эхний өдрөө конгресст хэлэлцүүлэхээр илгээх гэж байна.

 

Эх сурвалж: The Guardian