Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, Н.Багабанди, П.Очирбат нар нэр дэвших эрхгүй"

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Хөдөлмөрийн үндэсний намаас Үндсэн хуулийн цэцэд хандаж буй талаараа мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хоёрхон долоо хоногийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ баталсан. Таван сарын дараа бид төрийн тэргүүнээ сонгоно. Гэтэл энэ хууль маань Үндсэн хуультай нийцэж байна уу. Үндсэн хуулийн заалт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд туссан уу гэвэл үгүй. Өнөөдөр маш олон асуудал тодорхойгүй байна. 

Тухайлбал, өмнөх Ерөнхийлөгч нар сонгууль дахин нэр дэвших үү. Гэтэл Үндсэн хуульд тов тодорхой дэвших боломжгүй гээд заачихсан байгаа. Тиймээс энэ асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой заах ёстой гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд би болон манай намын хуульч Д.Үүрцайх бид хоёр хандаж байна.   

Монгол Улсын Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгогдоно гэдэг Үндсэн хууль дахь заалтыг 2025 оноос хэрэгжүүлнэ гэж байгаад хугацааг нь наашлуулсан. Тэгвэл энэ заалтыг хэрэгжих хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжүүлнэ гэдэг заалтыг хэний санаачилгаар оруулсан бэ. Тухайн үед Ерөнхийлөгчийг бүрэн төлөөлж байсан Тамгын газрын дарга З.Энхболдтой зөвшилцөж, ойлголцсоны үндсэн дээр энэ хугацааг нааш нь татсан. 

Тэгэхээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, Н.Багабанди, П.Очирбат нарт нэр дэвших эрх байхгүй. 

ХҮН-ын хуулийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх: Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэдий хугацаагаар, хэн хэрэгжүүлэх вэ гэдгийг ард түмэн сонгуулиар шийддэг. 

Зарим хууль тогтоогчид эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэж болохгүй. Тийм учраас одоогийн Ерөнхийлөгчийн хоёр удаа сонгогдох боломжтой гэж бодож явсан тэр итгэлийг нь хамгаалах ёстой гэдэг асуудал яриад байгаа. Энэ нь үндэслэлгүй юм. 

Яагаад гэхээр хуулийг буцаан хэрэглэх асуудлыг онолын хувьд бодит болон бодит бус гэж ангилдаг. Бодит буцаан хэрэглэх нөхцөл хэзээ үүсдэг вэ гэхээр тухайн хэм хэмжээ өөрчлөгдөөс өмнө тэр хууль зүйн факт нь болоод өнгөрсөн асуудалд эрх зүйн байдлыг нь дордуулсан агуулгатай хууль байвал буцаан хэрэглэж болохгүй. Энэ бол зарчмын хувьд зөвшөөрөгддөггүй. Зөвхөн тодорхой тохиолдлуудад л буцаан хэрэглэж болдог. 

Монгол Улын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд энэхүү хууль зүйн факт өмнө нь эхэлсэн боловч одоо төгсөөгүй байгаа. Ийм нөхцөлд бодит бус буцаан хэрэглэх гэдэг асуудлыг онолын хувьд ярьдаг. Бодит бусаар буцаан хэрэглэнэ гэдэг нь зарчмын хувьд зөвшөөрөгддөг. Өөрөөр хэлбэл, ихэнх тохиолдолд зөвшөөрнө гэсэн үг. Зөвхөн нийтийн эрх ашиг, Үндсэн хууль зөрчих гэх мэт онцгой тохиолдолд буцаан хэрэглэхийг хориглох зохицуулалт байдаг. 

Эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэж болохгүй гэдэг асуудал нь үндэслэлгүй юм. 

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно гэж маш тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, өмнө нь сонгогдож байсан хүмүүс нэр дэвших эрхгүй гэдэг хязгаарыг тогтоож өгсөн. Энэ заалт дотор Ерөнхийлөгчид нэр дэвших хүнд тавигдах нэг шаардлага хуульчлагдсан байгаа. Тэр шаардлага нь юу вэ гэхээр өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаагүй хүн нэр дэвшинэ гэдэг шаардлага юм. 

Гэтэл олонх Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа өмнө нь сонгогдсон хүмүүс дахин нэр дэвшиж болох ч юм шиг агуулгатай баталсан. Энэ нь Үндсэн хуулийг зөрчиж байна.