Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад өнгөрсөн 12 сард 5.8 мянган хүн шинээр бүртгүүлсний 3.2 мянга нь ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан иргэн байжээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахлын нөлөөллөөс үүдэн ажлын байрны асуудал гол сэдэв болж байгаа билээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиргааны статистикийн мэдээллээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 2020 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар 30 мянга болжээ. Үүнээс

  • 18.1 (60.4%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд,
  • 11.9 (39.6%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байгаа аж. 

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9.5 (52.7%) мянга нь эмэгтэйчүүд аж. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа нэгжүүд хэвийн ажиллаж байгаа.

Гэвч хөл хорионы дэглэмээс шалтгаалж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа алдагдах, мөн ихэнх иргэд биечлэн очиж үйлчлүүлэх боломжгүй зэргээс ажил хайгч иргэдийн тоо буурсаар байгааг Үндэсний статистикийн хорооноос онцолсон юм. 

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 2.7 (12.8%) мянган хүнээр, өмнөх сараас 484 (2.6%) хүнээр буурчээ. 

Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс: 

  • Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 4.3 (42.8%) мянган хүн,
  • Ажилд зуучлагдан орсон иргэд 2.4 (50.3%) мянган хүн,
  • Ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.9 (32.3%) мянган хүнээр буурчээ. 

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад өнгөрсөн оны 12 дугаар сард ажилгүй 5.8 мянган иргэн шинээр бүртгүүлжээ.

Харин бүртгэлтэй байсан 2.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 3.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан аж.

Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 12 дугаар сард нийт 1.6 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 716 иргэн ажилд зуучлагдан оржээ.

Мөн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад тус сард 5.8 мянган хүн шинээр бүртгүүлсний 3.2 (54.6%) мянга нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа юм. Энэ нь өмнөх сараас 400 (11.2%) хүнээр буурсан үзүүлэлт болжээ. 

Нэмж сонирхуулахад Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 53.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Сэлэнгэ, Өвөрхангай, Увс, Ховд, Говьсүмбэр, Өмнөговь, Дорнод аймагт улсын дунджаас 1.9-30.8 пунктээр дээгүүр байна.