Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс АНУ-тай хийсэн худалдааны дайнд ялсан гэж судлаачид дүгнэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны дайнд Хятад улс ялсан нь 2020 оны эдийн засгийн үзүүлэлтүүдээс харагдаж байна.

Дэлхийд хоёрт орох том эдийн засагтай Хятад улсын гадаад худалдааны баланс 2020 оны арванхоёрдугаар сард $78 тэрбумын ашигтай гарсныг өчигдөр Бээжинд гаргасан гаалийн тоо баримтад өгүүлжээ.

2020 оны нийлбэр дүнгээр тус улсын гадаад худалдаа $535 тэрбумын ашигтай гарсан нь 2019 оны үзүүлэлтээс 27 хувиар өссөн дүн болсон байна.

Өнгөрсөн онд Хятад улсын экспортын хэмжээ түүхэндээ байгаагүй өндөр түвшинд хүрчээ.

Экспортын өсөлтөд коронавирусийн цар тахлыг эрт дарж, үйлдвэрлэлээ сэргээж чадсан нь нөлөөлснөөс гадна дэлхийн бусад улс орнуудад халдвараас хамгаалах хэрэгслийн эрэлт нэмэгдсэн, хүмүүс гэрээсээ ажиллах болсонтой холбоотой электроник тоног төхөөрөмжийн эрэлт нэмэгдсэн зэрэг нөлөөлснийг Оксфордын их сургуулийн Азийн эдийн засаг судлаач Луйз Куйс ярьсан байна.

“Цар тахлын хямралаас гарсныхаа дараа Хятад улс АНУ болон дэлхийн бусад улсад бий болсон Covid-19-тэй холбоотой бараа бүтээгдэхүүний асар том эрэлтийг хангаж эхэлсэн юм” гэж тэр тайлбарлажээ.

Ялангуяа АНУ-тай хийдэг Хятадын худалдааны харьцаа улам бүр тэнцвэргүй болсныг сүүлийн жилийн тоо баримт харуулж байна.

2020 онд АНУ-тай хийдэг худалдаанаасаа Хятад улс $317 тэрбумын ашиг олсон нь өмнөх оноос 7 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Хоёр улсын харилцааны түүхэнд хамгийн өндөр ашигтай байсан 2018 оны үзүүлэлтээс ердөө $7 тэрбумаар дутсан байна.

“2020 онд Хятадаас авах АНУ-ын бараа бүтээгдэхүүн өссөнөөс харвал Трампын худалдааны дайн зорилгодоо хүрч чадсангүй” гэж Луйз Куйс дүгнэжээ.

Удахгүй Хятадын засгийн газар 2020 оны сүүлийн улирлын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээгээ зарлах гэж байна. Ройтерсийн шинжээчдийн тооцоолсноор 2020 онд Хятадын үндэсний ДНБ-ын хэмжээ 2.1 хувийн өсөлттэй гарах төлөвтэй байгаа юм.

Гэсэн хэдий ч Хятад улсын эдийн засгийн цаашдын хөгжилд саад бэрхшээл арилахгүй гэж судлаачид үзэж байна. Учир нь АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Хятад улсад үзүүлэх дарамт шахалтын зарим хэсгийг хэвээр үргэлжлүүлэх төлөвтэй байгааг тэд онцолжээ.

Энэ талаар Луйс Куйс “Байдены засаг захиргаа Хятад улстай харьцангуй аядуу зөөлөн бодлого баримталж ажиллах ч улс төрийн өнцгөөс харвал тус улсын бараа бүтээгдэхүүнд нэгэнт оноосон импортын өндөр татварыг цуцлах боломж бараг байхгүй юм” хэмээн тайлбарласан байна.

 

Эх сурвалж: CNN