Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Сонгдо" эмнэлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд үйл ажиллагаагаа явуулах зөвлөмж өгчээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Өнөөдрөөс зарим байгууллагын үйл ажиллагааг нээж байгаатай холбоотойгоор төрийн байгууллагууд үйлчилгээ үзүүлэхдээ иргэдээс PCR шинжилгээ хийлгэсэн байхыг шаардаж байна гэх мэдээлэл байна. Өнөөдрөөс иргэд шинжилгээний цэгүүд дээр очоод шинжилгээ өгч болох уу?

Д.Нарангэрэл: Өнөөдрөөс олон ААН-ийн үйл ажиллагаа эхэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэдээс PCR шинжилгээ хийлгэсэн байхыг шаардахгүй байхыг ЭМЯ-наас зөвлөж байгаа. Хэрвээ PCR шинжилгээ шаардаж байгаа бол тухайн байгууллага дотооддоо гаргасан журам байх. PCR шинжилгээ халдвар аваагүй гэх баталгаа биш бөгөөд иргэн шинжилгээ өгөх үедээ халдвар аваагүй эсвэл халдварын нууц үедээ байсан байж болно гэх мэт олон шалтгааны улмаас PCR шинжилгээ хийлгэсэн байхыг шаардахгүй байгаа.

Албан байгууллагууд амны хаалт зүүхийг шаардах, халуун хэмжих, гар халдваргүйжүүлэх нөхцөлийг хангаж байх хэрэгтэй. Мөн олон хүн цуглуулахгүй, хүн хоорондын зайг баримтлах нь PCR шинжилгээ хийлгэсэн байхаас илүү үр дүнтэй.

- Коронавирусийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн талаар сайд мэдээлэл өгсөн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Д.Нарангэрэл: ЭМЯ-ны хоёр зарчим байгаа. Нэгдүгээрт ДЭМБ-аас зөвшөөрөл авсан вакцин байх, хоёрдугаарт манай улсын хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжид тохирох гэсэн шалгуурыг тавьж байгаа.

Одоогоор ДЭМБ Pfizer вакцинд зөвшөөрөл өгөөд байгаа бөгөөд Moderna, AstraZeneca компанийн вакцинд нэгдүгээр сардаа багтаад зөвшөөрөл өгөх байх гэсэн мэдээлэлтэй байгаа.

Өчигдөр ЭМЯ-ны Дархлаажуулалтын хороо, Эмийн бүртгэлийн зөвлөлийн судлаачид цахимаар хуралдаж, дээрх гурван вакциныг Монгол Улсад яаралтай хэрэглэх зөвшөөрлийг олгосон.

- "Сонгдо" эмнэлгийн нэг ажилтнаас халдвар илэрсэн талаар Бямба гарагт мэдээлсэн. Тухайн эмнэлгийн ажилчид, үйлчлүүлэгчдээс авсан шинжилгээний хариу гарсан уу?

А.Амбасэлмаа: "Сонгдо" эмнэлгийн лабораторийн эмч батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон учраас 9-ний өдөр тус эмнэлгийн бүх ажилчдыг хоёрдогч хавьтлаар тусгаарлан шинжилгээ авсан. Ингээд 10-нд ойрын хавьтал халдвартай нь батлагдсан учраас Сонгдо эмнэлгийн ажилтан 22 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлаж, дам хавьтал 65 хүнийг гэрийн ажиглалтад байлгах зөвлөмж өгөөд байна. Бусад ажилтнууд хэвийн үйл ажиллагаагаа явуулж болно. Ойрын хавьтлаар ажиглан тусгаарлах байранд тусгаарласан 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.

Тиймээс хавьтал болоогүй хүмүүс нь ариутгал, халдваргүйжүүлэлтээ хийгээд үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн зөвлөмжийг гаргаж өгсөн байгаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/750047835607881
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.