Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн хатан хаан нөхрийн хамт коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Британийн хатан хаан Элизабет нөхөр Филипийн хамт коронавирусийн эсрэг вакцин хийлгэснийг Букингэмийн ордны захиргаа Бямба гарагт мэдээлжээ.

Хатан хаан 94 настай бол түүний нөхөр, Эдинбургийн гүн Филип 99 настай юм. Британи даяар эхэлсэн вакцинжуулалтын аянд өндөр настнуудыг хамгийн түрүүнд хамруулж байгаа.

Эрхэм дээдэст вакцин хийх арга хэмжээг өчигдөр Уиндсорын шилтгээнд зохион байгуулжээ.

Британийн засгийн газар хоёрдугаар сарын дунд үеийг хүртэл өндөр настан, эмзэг бүлгийнхэн, эмнэлгийн ажилтнууд зэрэг 15 сая хүнийг вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Тус улсад Covid-19 өвчний улмаас 80,000 орчим хүн нас барсан нь дэлхийд тавд орох муу үзүүлэлт юм.  

Өнгөрсөн Баасан гарагт Британид 1,325 хүн коронавирусийн халдвараар нас барсан нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Нэг өдрийн дотор хамгийн олон хүн нас барсан өмнөх тохиолдол нь 2020 оны дөрөвдүгээр сард бүртгэгдэж байжээ.

Их Британийн засгийн газар АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниудын хамтран бүтээсэн вакцинд дэлхийд анх удаа зөвшөөрөл олгож байсан бол дараа нь АНУ-ын Moderna, Британийн AstraZeneca/Oxford-ийн вакцинуудыг хүн амынхаа дархлаажуулалтад ашиглахаар болсон юм.

 

Эх сурвалж: Reuters