Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк компани ерөнхийлөгч Дональд Трампын эрхийг хоёр долоо хоногийн хугацаатай түдгэлзүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр нийслэл Вашингтон хотын Капитолын ордонд болсон үймээн самууны дараа Фэйсбүүк компани ерөнхийлөгч Дональд Трампын хэрэглэх эрхийг арван дөрөв хоногийн хугацаатай хаажээ.

Нэгдүгээр сарын 20-ны өдөр АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох тул энэ нь Трампыг Цагаан ордноос явтал Фэйсбүүк сүлжээг ашиглах эрхгүй болгосон гэсэн үг юм.

Эхлээд тус компани 24 цагийн хугацаатай Трампын эрхийг түдгэлзүүлсэн байна. Сүүлд 14 хоног болгон сунгасан бөгөөд цаашдаа ч нэмж сунгах магадлалтай гэнэ.

Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг ерөнхийлөгч Трампын тус сүлжээгээр тараах мэдэгдэл асар их эрсдэл үүсгэж байгааг мэдэгдсэн байна.

Өчигдөр Дональд Трамп өөрийн видео мэдэгдлийг Фэйсбүүк, Твиттер, YouTube сүлжээгээр тараасан нь Капитолын ордонд үймээн самуун дэгдэх шалтгаан болсон юм. Тэрбээр сонгууль луйвар будилаантай болсныг мэдэгдээд ийм зүйлийг тэвчихгүй байхыг дэмжигчдэдээ уриалж байв.

Капитолын үймээний дараа Твиттер компани мөн ерөнхийлөгч Дональд Трампын хэрэглээнд сунгагдах нөхцөлтэй 12 цагийн хугацаатай хориг тавьсан юм. 

Хэрвээ Трамп иргэдийг хүчирхийлэлд уриалсан мэдэгдлүүдээ энэ хугацаанд устгахгүй бол хориг тодорхойгүй хугацаагаар сунгагдах ажээ.

Капитолын ордонд гарсан үймээний улмаас конгрессийн хуралдаан тасалдсан ч орой нь үргэлжилж, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены сонгуулийн ялалтыг эцэслэн баталгаажуулсан юм.

 

Эх сурвалж: BBC