Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын удирдагч эдийн засгийн төлөвлөгөө нь хэрэгжиж чадаагүйг хүлээн зөвшөөрчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрчний Намын их хурал өчигдөр тус улсын нийслэл Пёньян хотод эхэлжээ.

Улс орны хувь заяаг шийддэг энэхүү томоохон арга хэмжээ хамгийн сүүлд 2016 онд болж байв.

Их хурлыг нээж хэлсэн үгэндээ Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн таван жилийн эдийн засгийн төлөвлөгөө нь зорилтдоо хүрч чадаагүйг хүлээн зөвшөөрсөн байна.

“Өнгөрсөн онд дууссан сүүлийн таван жилийн төлөвлөгөө бараг бүх салбарт биелж чадсангүй” гэж Ким Жон Ун хэлсэн тухай Солонгосын төв мэдээллийн KCNA агентлаг өнөөдөр өглөө мэдээлжээ.

Гэхдээ тэр цар тахлын бэрхшээл хүндрэлийг даван туулахаар шаргуу ажиллаж буй иргэдээ магтан сайшааж, эдийн засгийн хувьд гаднаас хамааралгүй бие дааж хөгжихийн ач холбогдлыг онцолсон байна.

Умард Солонгос нь одоогоор коронавирусийн ганц ч халдварын тохиолдол бүртгэгдээгүй дэлхийн цөөхөн улсын нэгд тооцогдож байгаа.

Энэ удаагийн их хурлаар ирэх таван жилийн эдийн засгийн төлөвлөгөөг батлахаас гадна шинэ ерөнхийлөгчтэй болж буй АНУ-тай харилцах гадаад бодлогыг тодорхойлох юм.

 

Эх сурвалж: Reuters